төрөл: Эх орон | огноо: 2013-11-13,11:18

Уран ба цөмийн хаягдлын гинжин хэлхээ

Би баян цатгалан, хийх ажилгүйдээ энд ийм зүйл бичиж суугаа юм биш л дээ. Би өөрөө хүүхдийн эмч болохоор энэ зүйлийн хор хөнөөлийг, энэ химийн бодис, энэ цацраг хүнд тэр тусмаа өсөж хөгжиж байгаа хүүхдэд яаж нөлөөлдөг талаар уншиж судалж байсан болохоор үүнийг цаг гаргаад, нэг ч гэсэн хүнд ойлгуулах юмсан гээд бичиж байна.

Нүүрсийг ухах нь түлнэ гэсэн үг тийм үү? Тэр нүүрсийг түлсэн бол үнс гардаг. Түүнтэй адил уран ухсан бол АЦС-т хэрэглэнэ тэндээс хог хаягдал гарна. Үүнийг зүгээр л нэг шар нунтаг хөдөө гүйж очиж хувинд хийгээд л аюулгүй онгоцоор явуулаад мөнгө авдаг зүйл мэтээр хүмүүст ярьж ойлгуулахыг оролдож байна. Гэвч тийм биш. Өчүүхэн бага хэмжээний тэр ураныг олборлоход их хэмжээний газар шороог ухаж эвдэж, тэрийг усаар гэх мэт янз бүрийн аргаар шүүж угааж маш их газрыг бохирдуулж байж гаргаж авдаг. Тэр үлдсэн шороог нь depleted uranium гэж нэрлэх бөгөөд энэ шорооны аюулын талаар Иракт Америкчуудын хэрэглэсэн зэвсэгний талаар багагүй мэдээллийг интернетээс өнөөдөр олоод авч болно.

Харин одоогийн улс төрчид, бараг мафи гэж хэлж болохоор болсон энэ тогтолцоонд байгаа хүмүүсийн ярьж хийж байгаад итгэх боломжгүй л гэж боддог. Найзуудынхаа мөнгийг өөрийнхөө нэр дээр гадаадад хадгалуулчихдаг Баярцогтод итгэж байгаа хүмүүс байвал засгийн газарт одоо байгаа хүмүүст итгэж, надад итгэхгүй байж болно.

Ураныг эсэргүүцэж буй хүмүүсийг гадныхны гар хөл гэх мэтээр хэлж, бичиж гүтгэж байна. Би өөрөө энэ эсэргүүцэгчдийн нэг нь мөнөөсөө мөн. Хэрэв энэ эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн талаар биднээс санхүүгийн тооцоо баримтыг ч авсан болно. Эх орноо гэж боддог хүн хэн ч гэсэн нэгдээд үүний төлөө сэтгэлээрээ тэмцэх боломжтой. Гэхдээ мэдээж тэмцэл их хэцүү, одоо бол би ч шантраад оролцохгүй зүгээр л буруу гээд бичих төдий л болсон. Энэ бол ямар ч гадныхны явуулга байхгүй л дээ. Энэ бүхнийг судлаад ойлговол хэнд нь итгэж болохыг уншиж байгаа та өөрөө ойлгох байх. http://nuclearfreemongolia.com хаяг руу ороод мэдээллүүдийг авч болно. Үүнийг зүгээр л мэдлэгтэй залуус өөрсдөө бодит мэдээллүүдийг уншаад, цуглуулаад орчуулсан зүйлс юм.

Цөмийн хаягдал, уран, АЦС гэсэн 3 зүйлийг хүмүүс тусдаа гэж яриад байдаг. Үнэн хэрэгтэй энэ бол яаж салгах аргагүй 1 зүйл, гинжин хэлхээтэй зүйлс. Японы Маиничи сонинд гарсан нэгэн нийтлэлийн ерөнхий санааг доор өөрийнхөө бодолтой нийлүүлэн нэгэн нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлээ оруулъя.

Миний бодлоор гадаадын том улсуудын бодлого нь Монголд хэрэгжиж байгаа. Ураныг нь эхлээд олборлуулаад гаргачихна. Энэ үедээ засгийн газар нь цөмийн хаягдлыг хаяулахгүй гэж ярина. 4 жилийн дараа тэд солигдчихно. Тэгээд олон улсын хэмжээнд удахгүй уран олборлосон газар нь буцаагаад шаарыг нь авдаг болгоод олон улсын тийм дүрэм гаргачихна. Тэгээд Монголд АЦС ямар ч ашиггүй байхад нь зээлээр, магадгүй бүүр үнэгүй барьж өгнө. АЦС-ээс нь хаягдал нь гарахаар нь тэрийг нь хаяулах савыг нь бас Монголд барьж өгнө. Ингээд л Монгол цөмийн хогийн савтай болно. Өөрийн хүний хог хаясан угаасаа ямар ч ялгаагүй. Нэгэнт цөмийн өндөр зэрэглэлийн хаягдалтай болсон л бол мөнгө аваад гадныхныг бас хамт авахад ялгаагүй нөхцөл байдалд орно. За тэгээд дэлхий дахины энх тайвны төлөөх гэх мэт гоё сайхан үг ард нь явагдана даа. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд судалж байгаад худалдаж авч болох хүмүүсийг олж дэмжиж улс төрд оруулсан, тэр хүүхэлдэйнүүдээ ашиглаж байгаа. Ард иргэдийг нь тэмцээд босох хэмжээнд үгээгүй ядуу биш бас тэрийг олж харах хэмжээний мэдлэгтэй болж өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой бол биш завсрын үлгэн салган амьдралд нь барьж амьдралын төлөө зүтгүүлнэ. Хааяа нэг ипотекийн зээл мээл, оюутны 70 өгөөд аргалаад л тэжээвэр амьтад шиг байдалд байлгаж байхыг хичээнэ. Мэдээж энэ нь өөрөө хэцүү болохоор хэрэв тэмцэл энэ тэр гарвал Арабын улсууд, Ирак шиг л дарчихна. 3-хан сая хүн амтай, том газар нутагтай болохоор гарын дор үнэхээр амар.


Энэ бүхэн хэрхэн явагддаг талаар энэ баримтат киноноос үзэж болно:
http://almas.blogmn.net/74932/ediin-zasgiin-aluurchid-%28economic-killer%29.html

(1) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Яаж ч бодсон тийм биш гэж үү? Цөмийн цахилгаан станцтай орнууд сайхан хөгжиж байна, бусдаас илүү байна бид тийм болно гэхээсээ өмнө тэд нар тэр сайхан АЦС-ээс гарсан хогоо яаж шийдэж байна. Яахыг хүсээд байна гэдгийг бодож үзсэн үү?

100000 төгрөг өгье би танай гэрт хогоо хадгалуулъя гэхэд нь өө их мөнгө байна тэгье гээд хогон дунд амьдрах уу? Бараг адилхан асуудал байх? АЦС барьчихъя гэж бодъё сайхан ашигтай байлаа. За гэтэл нөгөө сайхан АЦС-ээс чинь нөгөө нэг аймшигтай хэн ч газар нутаг дээрээ хаяхыг хүсэхгүй, бусад өөр улсад мөнгө төлөөд өгөхийг хүсээд байдаг хог хаягдал нь гарчихлаа. Тэрийгээ бид өөрснөө яах вэ? гадаад хэн нэгэнд мөнгө өгөөд хаях уу? Үгүй л болов уу. Монголд хог хаягдал хаях том байгууламж барина. Нэгэнт өөрсдөө цөмийн хаягдалтай болчихлоо тэртээ тэргүй манайх хаягдалтай болсон бусад улсынхыг ч бас авъя л гэх үү? Нөгөө эх орон, байгаль, Монголчууддаа хайртай залуус маань хаана байна вэ?

Гутранги юмны муу талыг харлаа гэж зарим хэлж байна. Гэтэл өөрснөө өнөөдрийн өөрийгөө ядуу гэж бодож сэтгээд байгаа нь өөрөө гутранги үзэл биш үү? Бусад шиг болно гээд үнэхээр тэр сэтгэлгээнийх нь ядуурал, мөнгөнөөс өөр зүйл харахгүй, хөгжил гэдгийг газар ухаж зарах, эсвэл АЦС барих гэж ойлгож байгаа тэр ядуу бодлыг нь бусад хүн өөрөөр харж байгааг гутранги гэж байгаа ядуурлынхаа шалтгаан, тэр хөгжихгүй байгаагийн жинхэнэ шалтгаан нь юу вэ гэдгээ бодоод нэг үзээсэй. Ирээдүйгээ цөмийн хог хаягдал дунд амьдруулах гэж, зөвхөн өнөөдрийн өөрийн ходоод, зөөлөн суудлаараа ирээдүйнхээ орчныг худалдаж идэх талаар яриад сууцгааж байгаагаа ч ойлгохгүй хөгжил хөгжил гэж давтан хэлж ярьж байна.

Хөгжил гэж үнэндээ юу юм бэ? Америк уу? Япон уу? Бусад шиг гэж ярих юм. Үнэндээ Америкт ч Японд ч гэсэн асуудал бий. Хөгжил гэж ярих нь ч зарим талаар учир дутагдалтай биш гэж үү?

Машинд хүн дайруулаад үхэх нь илүү олон байгаа болохоор уран олборлоё гэж ярьж байна. Үнэндээ уран, цацраг идэвхтийн хордлогоос болж бөөр, тархи бусад хордлогот өвчнөөр, цаашлаад хавдар тусаж үхэж байгаа хүний тоог тоолох гаргах маш хэцүү. Учир нь маш удаан хугацааны үйл явц. Чернобилийн ослын хор аюул ч одоо байсаар л байна, тэр орчмын хүүхдүүдийн дунд бамбай булчирхайн хорт хавдрын тохиолдол их байгаа нь тэмдэглэгдсээр л байгаа. Машины ослыг бууруулъя гэж ярихын оронд нэмээд уранаар хордуулахад машины ослоос л цөөн хүн хордож байгаа юм чинь хамаа алга гэж сэтгэж байгааг ойлгохгүй л байна.

3-хан сая хүн амтай Монгол улсын хувьд хүн нэг бүрийн амь нас, эрүүл мэнд энэ улс орны ирээдүйд, бас тэр яриад байгаа хөгжилд АЦС-ээс ч илүү хэрэгтэй. Ядаж бусад улс шиг үхээд дуусахгүй олон хүнтэй байсан бол хордуулаад байж болдог байж магадгүй л юм.

Магадгүй та ЭХЭМҮТ-ийн хүүхдийн цусны тасаг, Хавдар судлалын үндэсний төвийн хүүхдийн цусны тасагт нэг хоносон бол ийм зүйл ярихгүй л байх. Тэнд байгаа хүүхдүүд, тэдний гэр бүл ямар байдалтай яаж зовж шаналдгийг мэдрээд үзвэл.

Тэр бүрийг илүү олон болгодог зүйлийг яагаад заавал хийх ёстой юм бэ?

Эдийн засгийн хувьд ч гэсэн хямд нүүрстэй Монгол улсад уран, цөмийн энерги илүү хямд, бас ашигтай байж чадахгүй.

Заазуураар мах хөшиглөх биш хүн алвал гэх мэт утга учиргүй инээдтэй жишээнүүд авч байгаад л ярьцгаах юм. Хутгыг хүн өөрөө бүрэн бариад удирдаад өөрөө хүнээ ална уу, махаа хөшиглөнө үү тэр бол боломжтой. Харин цөмийн гинжин урвалыг тэр хутга шиг атгаад удирдаж чаддаг тийм түвшинд өнөөгийн хүн төрөлхтөн хүрээгүй. Энэ бол 3 настай хүүхэд шүдэнзээр тоглож байгаатай адилхан зүйл. АЦС махны хутга 2 шал өөр зүйл гэдгээ ойлгож байж ярьмаар байна. Уран ч тэр г.м. Зүгээр нэг амныхаа хэмжээгээр яриад байгаа ч юм биш. Бас тодорхой хэмжээнд бодит мэдээллийг цуглуулаад хэрэгтэй хүмүүс нь уншиг гээд http://nuclearfreemongolia.com/ http://golomt.org/ http://uranium.blogmn.net/ эх сурвалжаа дурдаад Монгол хэл дээр бэлдээд тавьсан материалууд ч байна. Гэтэл тэдгээрийг огт харалгүй, тэр баримтуудыг үгүйсгэж чадахгүйгээр хоосон ярих, түүнд нь эсэргүүцэж ярьж, бичиж байгаагаасаа олон хүн байгаа нь харамсалтай л хэрэг юм даа. Тархиа угаалгасан, толгойгүй хүмүүс л юм болов уу л гэж харж байна...
Алмас хэзээ бичсэн: 11:27, 2013-11-13 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant