Алмас
Цахим Өртөө сүлжээгээр доорх нийтлэлийг нэгэн залуу явуулсан юм:

http://lens.blogs.nytimes.com/2010/12/20/mongolian-diptychs-tell-of-profound-change/

Бид хөгжиж байна? Миний бодлоор бид зүгээр л уусаж хувьсаж устаж байгаа юм байна. Малчид бол зүгээр л нэг нийгмийн хог шаар, мэдлэггүй бүдүүлэг, бохир заваан, хөдөөнөө байж байхгүй ирж хотыг бохирдуулагсад гэж үү? Малчид бол архичин, бүдүүлэг, ажилгүй, даварсан ер нь л муу муухай бүхний дээд...?
Малчдын маань сэтгэхүйд ч гэсэн хот сайхан газар, паартай байшин, паалантай жорлонд бааж шээж буй бид жаргалтай сайхан, мэдлэг оюунтай дээд улсууд мэт? Үр хүүхдээ ч ийм сайхан ирээдүйд хөл тавиулах гэж хот руу оюутан болгон илгээнэ... Олонх маань иймэрхүү зүйл ярьж, сэтгэж, бидний толгой хөгжил, мөнгө, хэмээх зүйлсийг мөрөөдөн, хотын соёл, дэгжин хээнцэр нэртэй үйлдвэрийн үнэтэй хувцас, ганган машиныг илүүд үзэж, Америк, Английн оддыг бишрэн шүтэх болж дээ. Эргэн тойрноо хараад дүгнэж буй миний дүгнэлт буруу байж болох л юм... Солонгос киноны жүжигчин хүүхэн, залуучуудад дурлаж ханандаа зургийг нь нааж, киног нь алгасахгүй үзэж дууг нь цээжилнэ...

Ядаж нөгөө социализмын үед илгээлт аваад улсаас цалин аваад очоод тусалдаг тэр зүйл байсан бол ганц сар нэг айлд очоод өвлийн 1 сар туслаад, ажлыг нь хийгээд нэг үзэх юм сан. Нийслэл хүү гээд нэг кино байдаг даа. Жинхэнэ нусаа хацартаа наах л байх... 40 сая гараад бэлчээр талхлаад гээд ад үзээд байсан мал сүрэг нь энэ жилийн мал тооллогоор 1 жилийн дотор 27% (~1/4 дахин) буурсан байна гэх...

Монгол гэдэг энэ хорвоо ертөнцийн нэгэн хэсэг устаж түүний "сүнс" улам бүр алга болсоор байгаа юм биш биз дээ? Бодит зүйлийг хэлж байна гэж хүлээж авах хүн олон байх. Ойлгох нэг нь ойлгоод уншина биз дээ. Монгол гэгдэн байсан тэр оюун санаа, мал, эх дэлхийгээ, нутаг усаа дээдлэх, хайрлах тэр сэтгэл аль хэдийн алга болж дэлхий дээр жоом мэт арзганах, эх дэлхийг сүйтгэх шороон түмэн хүн гэгдэх хорхойноос ялгарах ялгаа нэгэнт байхгүй болсон юм даг уу даа?

"Эрх чөлөө, ардчилал, тэгш байдал, эх орон, газар шороо, алт мөнгө, эзэн Чингис, Монгол цус..." гэж ярих хэдий ч энэ нь бие биедээ түшигтэй байж, дэм дэмэндээ дээс эрчиндээ явж ирсэн, хүн хүнээ, амьтнаа, байгалиа хайрлах, хүндлэх, захын архичнаа ч хүн гэж харж хандаж, үр хүүхдээ бусдыг хайрлаж энэрэх, хүндлэх сэтгэлтэй хүн болгож өсгөн хүмүүжүүлж ирсэн Монгол уламжлал соёлын маань яг энэ гол цөм хэсэг нь аль хэдийн алга болоод байгаа юм уу даа. Миний нүдэнд лав их л бүдэг бадаг анзаарагдах болжээ?

Монгол гэсэн нэр төдий, газрын зураг дээрх гонзгой дүрснээс өөр Монгол гэгдэх зүйл үнэхээр бидэнд байгаа юм уу? Өөрсдийн бичиг үсэг ч үгүй, үндэсний баяр, хувцас, ёс заншил, ер нь юм бүхэн маань миний, таны, бидний толгойноос арчигдан гадны зүйлс рүү тэмүүлж, дуурайж ууссаар л байх шиг. Баруун гэгдэх соёл, хувцас, бүх зүйл "сайн сайхан" зүйл болон хувирч дээ.

Дээрх нийтлэлийн баруун талын зураг дээрх хүмүүс хэдий Монгол гэж нэрлэгдэх, Монгол цустай хэдий ч тэд Монгол биш болжээ гэж харагдах?

Яагаад барилга байшингийн хэв загвар, хувцасны загвар, ер нь бусад зүйлсийг бид заавал хүнээс тэр чигээр нь дуурайн авч, кино хийхдээ, зохиол бичихдээ яагаад яг хуулаад, дуурайгаад байгаа юм бэ? Өөрийнхөөрөө, өөрсдийнхөөрөө хийж яагаад болохгүй юм болоо? Би ч мөн адил...

Урьд нь би хэлбэр, гадна харагдах нь хийсвэр, тэр бол хамаагүй гэж боддог байсан юм. Гэтэл ямар ч зүйлийн дотоод мөн чанар нь гаднаа илэрч гарч ирж, гадна төрхөөрөө дотоод мөн чанараа бүрдүүлж хоорондоо шүтэлцээтэй оршин байдаг юм байна... Дугуй дугариг хэлбэртэй болохоороо л өнхөрдөг, хэрэв өнцөгтэй болчихвол өнхөрч чадахгүй. Өнхрөх гэсэн дотоод мөн чанар, дугариг гэсэн гадаад төрх хоёрын шүтэлцээнд дугуй хэмээх зүйл оршин буйтай адилаар...

...Эвтэйхэн орчин үеийн хэлбэрт оруулаад загвар хийлгээд Монгол хувцасны чанарыг хадгалсан орчин үеийн хувцас хийлгэж өмсөх хүсэл төрлөө. Ядаад л бусдаас гадна төрхөөрөө ялгарч байя. Нэгэн анд сая номын сангаас Монгол бичгийн уран бичгийн талаар ном авч байсан. Бахархмаар юм... Ер нь ямар нэгэн зөв зүйлийг барьж аваад тууштай ингээд хийж яваа хүмүүсийг харахад бахархмаар. Ялангуяа бодож дээдэлж, хүндэлж явдаг тэр зүйлсийг...

Эх бичиг үсгээ сэргээхсэн, хөдөөнийхнийгөө хүндэлж, дэмжиж, бас тэднийг энэ хэвээрээ мал сүргээ маллан түүнийхээ хажуугаар дэлхийн хөгжлөөс хоцрохгүй явуулах ямар зүйлсийг бид хийж чадах юм бол?

Эртүүд бас Монгол хөгжмийн тоглолт үзсэн. Үнэхээр сайхан юм билээ. Дэлхийн сонгодог гээд л бүжгэн жүжиг, кино ший, хошин шог элдэв зүйлийг үзэн баясах ч тэр дундаас хамгийн онцгой, хамгийн сайхан зүйлээ үздэггүй нь бас бидний алдаа ч юм шиг. Ядаад л 5000 цаасаар дэмжиж буй... Тэнгис, Өргөөд гадаад кинонд автан сууцгаадаг. Монголчууд нь өөрснөө түүхээс, эсвэл зөгнөөд сайхан сайхан зохиол бичээд, Монгол аястай сайхан зүйлс хийж бас болмоор л юм шиг. Ер нь веб сайтын хэв загваруудыг гаргахдаа болж өгвөл Монгол аяс өнгө төрхийг шингээж баймаар юм байна... Монгол хөгжмийн морин хуурын, эсвэл ятга, хуучрын сайн дурын бүлгэм байгуулаад хамт сурч ч болох...

Би Монгол хэмээх энэ агуу зүйлийн өчүүхэн эс ширхэг, энэ зүйлийг уусан өөрчлөгдөж алдагдаж алга болохыг үнэхээр хүсэхгүй байна. Биднийг, бидний үр хүүхдийг үхэж үрэгдсэн ч энэ зүйлийн сүнс нь дамжин үлдээсэй гэж хүсэх...

Залуус бид одооноос л хичээхгүй бол бидний үр хүүхдэд энэ бол хэтэрхий хол болсон байж мэдэхээр болсон юм шиг? (дээрх зургийг үзээд үнэхээр гомдолтой сэтгэгдэл төрчихлөө...) Бид хэтэрхий хурдан бүр оргүй хоосон болох хүртлээ уусан алга болж байна. Индианчууд шиг зүгээр л кинон дээр л толгойдоо өд зүүсэн хэдэн бараан царайт байдаг бүдүүлэг хүмүүс төдий дэлхийн түүхэнд үлдсэн шиг, Монголчууд гэж морь унасан бараан царайтай дээрэмчин гэсэн байдлаар үлдэхгүйн тулд Монгол соёл, урлаг, сэтгэхүйгээ авч энэ даяаршлын дунд өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарахын тулд хэв загвар, дотно гадна бүх зүйлээ судлан эцэг өвгөдийн сургаал шүлгийг уншин ухаж ойлгохыг хичээж, хувцас хунар биеэ авч явах байдалдаа ч бас анхаарах нь зөв юм шиг? Үүнд ялангуяа урлаг, соёлынхон маань маш өндөр дүрийг бүтээж, бусдыг уриалж дагуулмаар юм байна даа...

Яавал дээр юм бол доо?

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ямартаа ч залуус харж эхэлнээ, мэдэрч бухимдаж эхэлнээ гэдэг сайн. Илүү олуулаа эгнээ нь тэлж эх орондоо зовж эхлэх хэрэгтэй.  Гээд юу хийх вэ?  Эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж үндэснийхээ зүйлсийг түлхүү хэрэглэхээс эхлэнэ гэж боддог.  Илүү том сэтгэвэл энэ нийгмийг цэвэршүүлэх гээд хийх зүйл их ч бид одоогоор чадахгүй байгаа. гэхдээ Монгол хүмүүс сэрцгээж байгаа. /Монгол гэдэг нэр түүхэнд л үлдэх хэмжээний асуудал яригдаад байгаа шүү дээ. /
Цагаан хараацай хэзээ бичсэн: 2010-12-28 17:45 | |
Яахав дээ бичээд байвал учиртай л даа. Огт дуугүй царайлаад манж зан гаргаад юу хийнэ. Нэг нь ч гэсэн уншаад нэг юм бодвол тэр амжилт. Би хувьдаа төрийн албаны нүсэр тогтолцоог задалмаар санагддаг. Жишээ нь хамгийн ойрын жишээ гэхэд л Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар, Харилцаа Холбооны зохицуулах хороо гэсэн хоёр байгууллага. Нэгтгэхэд нэг их саад байхгүй мэт
dadido хэзээ бичсэн: 2010-12-26 14:33 | |
Хүмүүн бичиг сонин гэж байгаа байх. Өөр байхгүй байх аа.
СБД, Монцамэ агетнлагийн байр
Tel
329486
гэнэ. Захиалж уншвал зүгээр юм байна даа. Тэгж байгаад нэг олж үзье байз. баярлах
Уг нь болдог бол бүсийн төвүүдээ хөгжүүлмээр л байгаа юм даа. Боловсруулах үйлдвэр барих дээр санал нэг байна. Баруун зүүн хоёр бүсийн төв гээд боловсруулах үйлдвэрүүд 2 газар байгуулчихвал олон ч хүн ажилтай болж олон ч зүйлд нэмэр болох байх гэж уг нь боддог. Гэхдээ гол зах зээл нь энд байгаад байгаа болохоор нааш нь татаад цуглуулаад, овоолоод л байх юм. Мэдэхгүй юм аа тэр бодлого боловсруулж буй хүмүүсийн толгойд юу байдгийг... Миний өөрөө чадах юм ядаж л Монгол дээл хувцасаа өмсөж, ардын дуу хөгжимөө, өөрийн бичиг үсгээ сурч, үр хүүхэддээ зааж сургаж чадвал, ядаж нэг хүн олоод уншаасай гээд эндээ бичиж суувал ядаж энд дусал төдий боловч хувь нэмрээ оруулах юм уу даа...
Алмас хэзээ бичсэн: 2010-12-26 06:41 | |
монгол бичгээр гардаг сонин байдаг юм уу. Сонингийн худалдаанд лав нүдэнд тусдаггүй. Монгол бичгийн уралдаан энэ тэрийг бүх талаар хөгжүүлмээр санагддаг. Малчидад буян болох ганц зүйл нь аймаг болгонд биш гэхэд бүсийн төв болгонд мах сүүний комбинат байгуулаасай л гэж хүсдэг. Ерөнхийдөө бол МӨНГӨ дан ганц УБд төвлөрөх биш хөдөө эргэлдэх орчинг л бүрдүүлмээр байна. Улаанбаатарыг задалмаар байна
dadido хэзээ бичсэн: 2010-12-25 20:46 | |



:-)