төрөл: Хувийн менежмент | огноо: 2013-10-13,10:22

Зөв үү?

Амьдралаа утгатай болгож амжилтанд хүрэх тухай

1. Хэрхэн дуртай ажилдаа орж, дуртай ажлаа хийх вэ?
Өөрийн амьдралд одоо болж буй зүйл, бас одоо уншиж буй агуу менежерүүдийн номыг уншаад төрсөн бодлоо сийрүүллээ. Магадгүй та ажилдаа дур сонирхолгүй, эсвэл амьдрал чинь утгагүй ч юм шиг санагддаг бол энэ нийтлэл маань намайг өөрийг маань өөрчилсөн шиг танд ч бас хэрэг болж мэдэх юм. Магадгүй хүн татахаар гоё үг хэллэг, элдэв чимэглэлгүй энгийн үгээр бичсэн ч ойлгоод уншвал танд нэлээдгүй хүчийг өгнө гэж бодож байна.

Бусдаас зөв зүйлийг дуурайж чадвал тэдэн шиг биш юм гэхэд талд нь хүртэл хөгжиж болно гэж боддог. Дэлхийд тэргүүлэгч Япончууд яагаад хөгжсөн бэ? Японы компаниуд яагаад хөгжиж, технологи, шинэ шинэ нээлтээр дүүрэн байдаг, бараа нь чанартай байдаг вэ? Япончууд яагаад сайхан амьдардаг юм бэ?

Үүний нууц нь компанийн ажилтнууд нь компанийнхаа төлөө үхэн хатан зүтгэдэг ба "хар амиа хичээх үзэлгүй" байдагтай холбоотой гэж үздэг гэнэ. Харамсалтай нь Япон хүний үнэнчээр ажиллах, ажилсаг зан чанар нь эртнээс уламжлагдан ирсэн байдаг гэнэ.

Монгол хүн ийм байж чадахгүй гэж үү? Япончууд шиг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Япон шиг улсаа хөгжүүлж чадахгүй гэж үү? Монгол хүний зан чанарт юу уламжлагдан ирсэн байдаг юм бол? Хар амиа хичээх, эдийн шунал давамгайлсан, биеийн амрыг харсан үзэл эртнээс байсан гэж үү? Үгүй гэж бодож байна. Олон зууны туршид нэг нэгнээ түшиж, хатуу ширүүн уур амьсгалыг даван туулж ирсэн, гэрээсээ гарахдаа явуулын хүн байхгүйд дайраад гарвал гээд хоол цайгаа ширээн дээрээ бэлдэж орхиод гардаг байсан ард түмэн шүү дээ бид. Цөөхөн Монголчууд нэгдээд дэлхийн талыг эзэлж байсан түүх ч бий.

Зөвхөн би гэж бодож, мөнгө цаас, шоу цэнгээн, залхуурал, зальхай байдлыг эрхэмлэсэн хүн амжилтад хүрдэггүй. Зөвхөн өнөөдрөөрөө л амьдардаг. Маргааш хэн ч биш болдог. Ийм ажилтнуудтай компани ч удаан хугацаанд хөгжиж оршин тогтнодоггүй, ийм иргэнтэй улс орон хөгждөггүй. Зөвхөн дан ганц өөрийгөө болгоод хүн сайхан амьдардаггүй гэж Япончууд үздэг юм байна.

Хэрвээ компанийн ажилтнууд компанийнхаа төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, компанийн урдаа тавьсан зорилго, өөрийн хийж байгаа ажлын төлөө бүх бодол санаагаа зориулж, Яаж хөгжүүлэх вэ? Ямар шинэ санаа гаргах вэ гэдгийг зүүдэндээ хүртэл бодож, өдрийн 24 цагийн турш бодож чадвал энэ бодол нь далд ухамсарт нь нөлөөлж, тухайн хүнийг нь ажлаа хийхэд нь илүү хүчтэй болгодог. Ажилдаа амжилт гаргаж үнэ цэнэтэй хүн болж, компани ч хөгжиж, үүнийгээ дагаад улс орон нь ч хөгжинө. Улс орон хөгжвөл мэдээж амьдрал нь сайжирна. Хамгийн мундаг эх оронч байх гэдэг нь буу шийдэм бариад сумны өөдөөс алхахаас илүү өөрт оногдсон ажлаа үнэн сэтгэлээсээ, хамгийн сайн хийх юм байна.

Хүн ажлаа ямар үед хамгийн сайн хийдэг вэ? Ажилдаа дурлаж, ирээдүйгээ сайхнаар төсөөлж, түүнийхээ төлөө зорилго тэмүүлэлтэй хүн ажлыг хамгийн сайн хийдэг. Магадгүй та ажилдаа дуртай биш, зүгээр л цалин авахын тулд л хийдэг үү? Facebook-ээр дуртай зүйлээ үзэж, цагаа өнгөрөөгөөд, найзуудтайгаа чатлаад, ажлын цагаа дуусгаад гардаг бол та амжилтад хүрэхгүй л болов уу. Ийм байдал нь танд тухайн үедээ амар, сайхан мэт санагдавч үнэндээ ирээдүйд та энэ л хэвээрээ үлдэж, дэвшиж хөгжихгүй, дургүй ажлаа сольж шинэ ажилд ч орж чадахгүй.
Магадгүй эсвэл таны ажил хэт их ачаалалтай, та өөрийгөө уншиж, сурч хөгжүүлэх цаг байдаггүй юу? Энэ ч бас ажилдаа үнэхээр дурлаж чадсан хүнд том асуудал биш шүү. Яагаад гэвэл ажилдаа дурласан хүн ажлаа ачаалалтай байх тусам ажлаасаа таашаал авна, бас өдрийн үлдсэн цагт өөрийгөө хөгжүүлэх цаг, завыг заавал өөртөө гаргаж чаддаг.
Тиймээс одооноос эхлээд дуртай биш ч гэсэн ажлынхаа сайн сайхныг олж харж, ӨӨРИЙГӨӨ ажилдаа дуртай болгохын төлөө хичээгээрэй. Ингэж чадсан олон хүн амжилтад хүрсэн байдаг. Хэдийгээр шууд би дуртай болъё гээд дуртай болохгүй ч хүн хичээгээд, ажлынхаа сайн сайхныг олж харж, бас ажлаа сайжруулах талаар уншиж судлаад, амжилт гаргаад эхэлбэл та өөрөө ажилдаа дурлах болно.

Гэртээ сууж хүүхэд хардаг байсан ч та энэ амьдралдаа дурлаж бас болно. Ийм хүмүүс завгүй, бас хэцүү, уйдаад гэх зэргээр ярьж, бодож байхыг олонтаа сонссон. Нөхөр нь ч гэсэн өдөржин гэртээ зүгээр сууж байж гэж ханддаг. Японд бол гэргий хүн хүүхдээ харж, гэр орноо авч явах нь уламжлал болсон, хэвийн үзэгдэл. Харин ч эзэгтэй нар гэрийн ажлын хажуугаараа интернетээр блог бичиж, аутсорсингоор ажил хийж бусад янз бүрийн байдлаар бизнес хийж мөнгө олдог, түүгээрээ амьдралаа сонирхолтой болгодог.

Ажилдаа дурлаж, амьдралаа утга учиртай болгох тухай дараагийн хэсгийг энд дарж уншина уу.
(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant