Алмас
Яавал амжилтанд хүрэх вэ, яавал мѳнгѳ олох вэ, мэргэжлээ хэрхэн сонгох вэ, юу хийх вэ, гэж байгаа дүү нартаа бодлоо хүргэе ээ.

Хүний амьдралд олон сонголт, олон боломж байдаг. Түүн дотроос нэг их алдахгүй, сонгосон байхад буруудахгүй сонголтуудаас дурьдая:

1. Мэргэжлээ сонгохдоо ѳөрийнхөө сонирхолтой юмыг хийх. Хүн ер нь сонирхолтой юмандаа амжилт гаргадаг гээд байгаа. Гэхдээ мэдээж мөнгө олж цалин авахгүй зүйл бол цааш нь бизнестэй холбох, мөнгө олох талаар өөрөө бодох судлах хэрэгтэй. Бас тийм амархан биш байх. Ямартай ч хүсэл байгаад зүтгэл байвал болохгүй зүйл гэж үгүй ээ.

2. Компьютертай холбоотой зүйлс ер нь харьцангуй мөнгө олох боломжтой, эрэлттэй цаг үе. Мөн эхлэлийн хөрөнгө бага зарцуулаад хурдан томрох боломж бусад бизнесээс илүү болов уу. Ойрын 10-20 жилдээ энэ хэвээрээ байх болов уу. Тэгэхээр програм бичээд сурчихвал гадаадад ч бай дотоодод ч бай ажил олдох боломжтой. Олдохгүй бол өөрөө ямар нэг зүйл хийгээд зарж болно. Зарим талаар амаргүй, хугацаа ч орж магадгүй. Гэхдээ хүмүүс онлайнаар сураад дипломтой болоод, дипломгүй нь ч энд ингээд ажиллаад, хальт од болоод явж л байна. Тэгэхээр хичээл байгаад зүтгэл байвал боломжтой. Мөн ямар ч бизнес юу ч хийсэн компьютерын мэдлэг нь хэрэг болдог.

3. Хэл сураад орчуулга хийх. Англи хэл бол өнөөдөр заавал мэдэх ёстой зүгээр энгийн хэрэглээ болчихлоо. Гэхдээ сайн сурчихвал мөнгө олох боломжтой, дээр нь ашиглаад өөр бусад юм хийхэд гар хоосон газар ухах, хүрзээр ухахтай адил маш чухал багаж зэвсэгтэй болох юм. Япон компанид ч сайн Англи хэлтэй хүн илүү үнэлэгддэг. Огт хэл хэрэглэдэггүй биеийн хүчний ч юмуу ажил бол яах вэ гэж үү? Ажлаа хөнгөвчлөх, сайжруулах талаар интернэтээр Англиар хайвал бусад ямар ч хэлнээс илүү хэрэгтэй тус болох мэдээллүүд олдох магадлал өндөр.

4. Ногоо тарих. Толгойгоо ажиллуулмааргүй бол ийм сонголт ч бий. Бага ч бай их ч бай ямар ч байсан орлого олох нь бол баталгаатай. Сайн хийж чадвал лав л амьдралын баталгаатай.

5. Мал маллах. Дээрхтэй адил. Гэхдээ эхлэлийн зардал, эрсдэл нь бас арай өндөр.

За тэгээд цаашаа бодвол их юм бий бий. Ер нь бол нэг талаар амархан, сайхан ажил гэж ховор, нөгөө талаар амтыг нь олж мэдэрч чадвал ажил бүхэн сайхан. Тэгэхээр сонголт чухал, бас өөрийн бодол, үнэлэмжийн асуудал бас бий. (Үнэлэмж гэснээс хүн өөрөө үнэлэмжээ, ертѳнцийг харах ѳнцгѳѳ аажим сайжруулж, өөрчлөх бас боломжтой)



Хэцүү хүнд ажил байсан ч тэр ажлын том, жижиг асуудлын ард гарч, ямар нэг зүйл хийж бүтээгээд, эсвэл хэн нэгэнд сайхан үйлчлээд, сайхан сэтгэгдэл тѳрүүлээд түүнээсээ таашаал авч сурах нь бас хүний нэг чадвар байх.

За тэгээд юу ч хийлээ гэсэн гол нь нэг газар ороод ажилласан ч, өөрөө хувиараа хийсэн ч “амжилтанд хүрэхийн тулд бол заавал шаардлагатай” ба бас баримталчихвал гийгүүлдэггүй юм гэхэд ер нь л алдахгүй байх бол баталгаатай хэдэн зарчим бий.

1. Ѳѳртѳѳ хатуу хандах. Хамгийн чухал зүйл бол өөрөө "өөрийгөө эрхлүүлэхгүй", өөртөө чанга хандаж хариуцлагатай байх.

2. Үнэнч шударга байх. Хэлсэндээ хүрэхийг үргэлж хичээх, болохгүй үед нь зугтах биш нүүр тулаад уучлал гуйх, ичэмхий нэрэлхүү байдлаа ялан давж сурах, тийм зоригтой байх хэрэгтэй. Амлалтаа биелүүлээгүйгээс алдаа гаргасан бол аль болох засаж орхиж байх.

3. Ойлголцох. Ямар ч муу хүн, муухай ааштай хүнд өөрийгөө, ойлгуулаад, бас тэр хүнийг өөрийн хэмжээнд аль болох ойлгох гээд хичээж байх. Хүнтэй эвтэй харилцаж байх. Ер нь ямар ч муу, тэнэг хүн байсан хүн бүрт шалтаг, шалтгаан ихэнхдээ байдаг тул ойлгочихвол аргыг нь олох, эсвэл зайгаа аваад холдох арга замууд байдаг.

4. Тэвчээр. Манай Монголчуудад их дутагддаг зан. Заримд нь бас хэт байдаг. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд ялангуяа тэвчээртэй байх. Үүнд уур, гомдол зэргээ зохицуулж сурах, зөв гаргаж илэрхийлж сурах, хэрэгтэй үед нь барих. Бас хэт тэвчээд яваад байхгүй 5-ыг мөрдөх.

5. Шийдвэрийг зоригтой гаргаж байх.

6. Уян хатан байх. 1-ийг дахин унших. Залхуугаа, ялах. Өөрийгөө ялах. Үүнд цаг барих, спортоор хичээллэх, нойр хоолоо зөв зохицуулах, тэвчээртэй байх гээд бүгд л багтана. Харин эсрэгээр бас хааяа өөрийгөө эрхлүүлэх, амрах нь бас адил хэмжээнд амжилт гаргахад, алдахгүй амьдрахад чухал. Үүнтэй адил ямар ч зүйл дээр бас багахан хэмжээний уян хатан байх хэрэгтэй.

Газар хөдлөлтийн үед тэсвэртэй байхын тулд барилгууд маш бөх бат байх хэрэгтэй. Гэхдээ ямар ч хатуу бөх байгаад түүнийг даван гарах газар хѳдлѳлтийн хүч байгаад байдаг. Тэгвэл уян хатан ганхдаг байдлыг нэмж өгснөөр тэнгэр баганадсан ѳндѳр барилгуудыг хүчтэй газар хөдлөлтөнд тэсвэртэй болдог. Үүнтэй адил хатуу чанд байгаад түүн дээрээ уян хатан байдал нэмчихвэл ер нь юунд ч барагтай бол дийлдэхгүй ээ гэсэн үг.

За тэгээд энэ 6 зарчмыг баримталчихвал амжилт гаргаад сүйд хийдэггүй юм гэхэд хүний доор орохгүй хаана ч, хэнтэй ч ажиллаад, мөнгө олоод амьдраад байх боломжтой гэдэг нь батлагдсан зарчмууд юм. Тэгэхээр мэргэжил ажил, сонголт чухал ч юу ч хийсэн бай эдгээр 6 зарчмыг мөрдөх нь их том чадвар, давуу тал болох болно.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)