Алмас
Өнөөдөр хүмүүс татвар нэмэгдэх нь гээд л эсэргүүцэж байна. Үнэндээ бол энэ татварын хувийн тоо хэмжээ бол үнэндээ л падлийгүй зүйл юм л даа. Тогтолцоо, ажиллаж байгаа зарчим нь өөрчлөгдөхгүй л бол энэ тоо хэд байсан ч адилхан юм.
Юмны үнэ ихээр буураад эсвэл нийт хүмүүсийн цалингийн хэмжээ ихэсчихвэл 15%-20% татвар нэмж өгсөн ч амьдралд онц нөлөөлөхгүй, эсрэгээрээ татварыг 5% болгоод буулгая гэж бодъё гэтэл юмны үнэ өсөөд, эсвэл үндсэн цалингийн хэмжээ буурчихвал бас л адилхан.

Тэгэхээр юу хэрэгтэй юм бэ? Яавал энэ бүхнийг өөрчлөх вэ? Уурхай ухаад зараад мөнгө олоод ирчихвэл болох асуудал уу?

Их ч олсон бай, бага ч олсон бай зарцуулалт нь зөв, мөнгөний урсгал нь зөв тэнцвэртэй байсан цагт л энэ асуудал засагдана. Түүнээс биш таны татварыг нэмэхээ больчихвол л энэ засагдчих асуудал биш юм л даа. Тэгэхээр энэ тэмцэл, бодлоо аль эрт бодож байх хэрэгтэй байсан. Өөрчлөх боломж байсан, одоо ч бас оройтоогүй байх гэж бодож байна. Нөгөө доогуураа цоорхой саванд хичнээн юм хийгээд урсаад хоосордог гэдэг зүйл. Тэгвэл Монгол улс дотоодын хэрэгцээгээ хангадаг зүйл цөөн, бараг ихэнх зүйлийг импортоор авдаг тул мөнгө нь гадагш урсаад явчихдаг байдалтай байна. Энэ нь ёроолгүй савтай адил зүйл. Тэгвэл ядаж тэр саван дотор урсгалыг нэмээд гадагшаа гоожихыг нь багасгаж болох уу гэвэл бас тийм.

Газрын тосоо бид өнөөдөр гадаад руу түүхийгээр нь экспортлочихоод эргээгээд бензин, шатахуун худалдаж аваад л байж байна. Тэгвэл нефтийн үйлдвэр бариад, гадагш түүхий нефт гаргахыг зогсоогоод дотоодоо шатахуунаар хангачихъя. Шатахууны үнэ одоогийнхоороо ч байсан болно. Гол нь бидний шатахуунд төлсөн мөнгө Монгол дотор эргэлдэж байвал л болно гэсэн үг. Мөн нефтийн үйлдвэрийг дагаад химийн үйлдвэр хөгждөг гэдэг. Бас нефтийн нэг бүтээгдэхүүн болох керосин гээд нэг зүйл байна. Японд айлууд өвөл гэр дотроо керосин зуух тавиад халаадаг. Магадгүй үүнийг Монголд нэвтрүүлчихвэл утааны асуудлыг шийдчих ч боломжтой байх. Харин керосиноо өөрсдөө үйлдвэрлэдэг болж хямд болгохгүй бол энэ шийдэл бүтэхгүй. Нарийн ширийн судлаагүй ч янз бүрийн бонд зээлээр зам, барилга, бэлэн мөнгө тарааж байхын оронд ганцхан үйлдвэр барихад бүх хүчээ зарцуулаад хэсэг гүрийчихвэл уг нь цөөхөн хүн амтай манайх шиг улс нэг их хэцүү биш л юм шиг санагддаг.

Бас гадаадаас авдаг хамгийн их хэрэглэж, байнга мөнгө гадагш “гоожуулж” байгаа зүйлсээ шат дараалалтайгаар бууруулчихвал амьдрал өөр болох байх. Түүнээс биш хүмүүсийн хэрэглээг багасгаад ч юмуу, эсвэл уул уурхай, өр зээл юугаар ч их мөнгө олж ирсэн буцаад л урсчих болов уу.

Дээр нь манайхан үйлдвэр ярихаар л гадагшаа экспорлох гэх мэт юм ярьдаг, боддог. Уг нь өөрсдийгөө эхлээд хангаад байдаг болчихвол л хангалттай. Экспорт бол түүний дараагийн асуудал баймаар. Гэртээ хоолоо хийгээд идэж чаддаггүй дандаа гаднаас авдаг байж шууд хоол хийж зарна гэж ярих нээх тийм амархан сайхан асуудал лав биш байх л даа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)