Алмас
Энэ дайн сайн, муу, ашигтай ашиггүй гэдгийг хэлж мэдэхгүй юм. Миний хувьд амиа бодсон муу хүн тул Монгол хүмүүсийг аль ч тохиолдолд хэн нэгэн өөр улсын талаас, энх тайван гэх мэт юм ярихаасаа өмнө "Монголд ямар ашигтай" вэ гэдгийг л хараасай гэж бодож байна.

Би хувьдаа ашигтай ашиггүй гэдгийг хэлж мэдэхгүй байна... Гэхдээ хэн нэгэн уншаад нэгийг бодож магадгүй өөрийн бодлыг бичих хүсэл төрлөө.

Орос манай ах дүү гэхээс илүү хөрш гэж харах нь зөв байх. Дээр нь өнгөрсөнд бас манайх руу чиглэсэн геноцид бодлого явуулж байсан (мэдээж өнгөрсөн бол өнгөрсөн тул үзэн ядах биш болгоомжилж мартахгүй байх чухал байх). Мөн одоо ч цахилгаан станц бариулахгүй байх гэх мэтээс эхлээд Монголыг эдийн засгийн гэх мэт хараат байлгах, дарах бодлого 2 хөрш маань явуулж ирсэн гэгддэгийг бас мартахгүй байх нь зөв байх. Гэхдээ аль ч тохиолдолд хоёрхон том, түүхийн хувьд ээдрээтэй хэцүү харилцаатай байж ирсэн хөршүүдтэй улс тул аль алинтай нь маш болгоомжтой эвтэй, харилцан аль болох адил төвшинд харилцаж, харилцан ашигтай байх бодлого баримтлах, иргэд ч тийм талаас нь хүн бүр бодож ярьж байх нь чухал гэж боддог. Мэдээж Монголын эсрэг баримталдаг бодлого нь тэр улсууд өөрсдийн улсын төлөө явуулж буй бодлого тул буруутгах аргагүй байх. Харин түүнийх нь эсрэг Монгол гэдэг улсын бодлого ямар байх нь л чухал болов уу даа.

Путин сайн удирдагч, эсвэл муу удирдагч. Оросын хөгжлийг хараад барууны хөгжлийг харьцуулаад Путин муу удирдагч, ард түмнээ яаж амьдруулж байна гэж олон хүн бичсэн байсан. Тийм өнгөц харах зүйл бас биш байх. Магадгүй Орос улсын хувьд хэрэгтэй сайн удирдагч байсан ч байж магадгүй. Лав миний үзэж байснаар нэг кинон дээр охиныг нийлж хүчиндээд "баян, мөнгөтэй" тул шийтгэгдэхгүй өнгөрсөн залуусыг буудаж өшөөгөө авч байгаа кино үзэж байсан. Нэг хэсэг хугацаанд хэт ялгаатай, шударга бус нийгэм тогтсон, барууны "эдийн засгийн аллагын бодлого" ч нөлөөлж байсныг гардан хийж байсан тагнуулуудын нэг нь бичсэн ном байдаг байх. Манайхан Орос яваад дээрэмдүүлэх гэх мэт нэг хэсэг Орос улс их хэцүү байдалтай байсныг санаж байна. Тэгэхээр Путин гарч ирээд тэр бүхнийг зогсоогоогүй бол өнөөдөр Оросын ард иргэдийн амьдрал бүүр ч хэцүү байхыг ч үгүйсгэхгүй байх.
Гэхдээ Монголд бол Путин гарч ирсэн нь ашигтай байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тийм байсан бол, ийм байсан бол, тэгээгүй бол, ингээгүй бол гэж өнгөрснийг дүгнэх нь хийсвэр утгагүй зүйл тул өнөөгийн нөхцөлд Монголын "эсрэг" баримталдаг бодлогыг нь бодвол бас Орос улс хэт хүчтэй, хажуу улсдаа дарангуйлсан нөлөөлөл нь суларч, дордоосой гэж ч бас хүсэх юм. Гэхдээ хэт муудаад, бүүр муу нөлөө үзүүлээд эхэлбэл бас бүүр хэцүү ч байж магадгүй л юм... Мөн нөгөө талаас Орос, Хятадын тэнцвэр алдагдах нь Монголд бас тийм ч сайн зүйл биш байх магадлал өндөр...

Барууныг хэт өмөөрч бичиж байгаа ч хүмүүс байна. Гэхдээ бас дайнд тэдний нөлөө бий юу гэвэл бас бий л гэж бодож байна. Хэт Оросыг шахах, хэт Оросоос болгоомжлох айх, нөлөөлөх бас далдуур ойлгомжгүй бодлогууд их явуулж байгаа гэж ойлгодог. Магадгүй өөр зорилго бодлого, дайныг эхлүүлэх төлөвлөгөө анхнаасаа байсныг ч үгүйсгэх аргагүй л санагддаг.

Гэхдээ аль ч тохиолдолд хэн ч өөртөө л ашигтай бодлого явуулна, Орос ч, Хятад ч, Америк, Герман ч тэр. Ер нь үнэндээ хүн төрөлхтөн бодитоор хөгжөөд, соёл иргэншлийн хөгжил, даяарчлал гэх мэт ярьж байгаа ч үнэндээ тийм ч сайн хөгжиж, урагшаа явж байгаа гэж боддоггүй. Аль аль нь өөрсдөдөө ашигтай л бол дайн хийж, бусдыг түрэмгийлэх, элдэв шударга бус бодлого явуулах, улс төрчдийг нь авлигадаж алсаас удирдах гээд бичвэл энэ дэлхий дээр тааруу зүйл багагүй байгаа байх...

Тэгэхээр эцсийн дүнд хэлэхэд хэний талд орох вэ гэдгээ дотроо бодоод, гаднаа энх тайван яриад, зөвхөн өөрсдөдөө үнэхээр ашигтай үед л тухайн этгээдийн талд дуугарах, нийлж нэгдэх нь зөв байх даа.

Мөн Орос хүчирхэг байвал, Оросыг дагавал л Монголд ашигтай гэх хэсэг хүмүүс бас байх. Бас гэтэл нөгөөдүүл нь өөрсдийг дарж, хөгжлийг нь хаах бодлого явуулж, явуулсаар ирсэн байгаа бол арай өөр байдлаар хандаж, буруу, өөрсдөдөө ашиггүй зүйл дээр нь ухаантайгаар эсэргүүцэх, шүүмжлэх зоригтой байх нь зөв байх аа. Бас тийм бодлого явуулж байна гээд хоёр хөршөө үзэн ядах, харилцаагаа муутгах ч бас буруу байх. Бас хэт айж хулчийж бүх бодлогыг нь дагах, удирдагчид нь алга хавсран мөргөж залбирч, хэт бөгс долоосон үг хэлж гүйх нь ч утгагүй л санагддаг.

Бас хэт эрх чөлөө, энх тайван гэх хандлага ч тийм ч зөв зүйл мөн үү?

Дайнаас ашиг олох, дайны дараагаас хөгжсөн улс орнууд ч байдаг. Дайн, мөргөлдөөн гарах шалтгаанууд ихэвчлэн ямарваа нэг зүйл муудаж ялзарснаас дайн эхэлж, харин дайны дараа илүү зөв тал руу явснаар үр хүүхэд, хойч үе нь илүү амьдралаар амьдрах боломж эхлэх нөхцөл бүрдсэн байж ч болох санагддаг.
Нөгөө талд хэн нэгний зорилго, төлөвлөгөө бодлогоор хийсэн дайн нэг талд ашигтай, нөгөө талд ашиггүй байх ч байгаа. Тэгэхээр шууд эсэргүүцэж дүгнэхээс илүү нэгэнт болж байгаа дайнаас чадвал ашиг олох талаас эхлээд хараад, ашиг олдоггүй юм гэхэд хохирчихгүй байдлаар прагматик байх, дүгнэх нь зөв байх. Мэдээж аль болох эвээр, энх тайвнаар шийдвэл сайн ч гэлээ.

Эрх чөлөө нь хуулиасаа давж, хууль нь шударга бус хүчтэйд үйлчлэхээ больсон хэмжээний эрх чөлөө, хүний эрх эсвэл эрх чөлөө, хүний эрх нэрийн дор далдалсан өөр шударга бус бодлого, шударга бус зүйлс бас хэр зөв зүйл вэ? Хэн гэдэг ямар эрх дархтай хэдэн хүний эрх чөлөө, эрх ашиг, хүний эрх яригдах юм бол... Бас бодууштай л байх...

За тэгээд одоо Орост Америкийн компани, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа их зогсоож байгаа сурагтай оронд нь Хятадын үйлдвэр, компаниуд ороод явчих магадлал хамгийн өндөр байх даа... Манайд бол ашиггүй л байх... Ер нь Хятадаас бусад улсад бол бараг ашиггүй л болов уу. Оросууд бол яах вэ тэгтлээ их өөрчлөгдөхгүй биз... Энэ дайнд хамгийн том хожих нь Хятадууд байж магадгүй л юм...


 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)