Алмас
Сарын ѳмнѳ санамсаргүй явж байгаад “Япон Монгол оюутнуудын хамтарсан хээрийн судалгаа”-ны тайлангийн хурал дээр сууж сонирхсон юм.

Монгол-Япон тѳв”-ийн хурлын заалны хагаст, цѳѳхѳн хүн хамарсан даржин хурал байсан ч гэлээ агуулгын хувьд Монолын, цаашлаад дэлхийн хэмжээний асуудал хѳндсѳн асар том, чухал асуудлуудыг гадны оюутны нүдээр голыг нь олж харж, бас их мундаг санаанууд гарган хэрэгжүүлэхээр ярьж байхыг сонсож, нүд чихээн баясгав.

За тэгээд нэг ч гэсэн хүнд бас хүрээд, ямар нэгэн зүйл бодогдуулаасай гээд тайлангийн хурлаас сонсон зүйлс, тѳрсѳн бодол сэтгэгдлээ энд тэмдэглээд үлдээе.



 
“Оюутан гээд хүч хүрч хийж чадахгүй зүйл олон ч оюутан болохоороо л хийж чадах зүйл бас байдаг”

Япон оюутны дурдсан дээрх үг их үнэхээр тийм шүү гэж бодогдсон үг байлаа. Нээрээ л дэлхийн түүхэнд олон олон зүйлсийг оюутнууд эхлүүлж, ажил хэрэг болгосон жишээ олон.

Юмыг системтэйгээр ажиглан харж, дүгнэж, түүндээ тулгуурлан яг ямар арга хэмжээ авбал зѳв бэ гэдгийг үнэхээр голыг нь олж харж дүгнэх чадвар Япон хүмүүст бүүр ахлах сургуулиас нь, оюутан цагаас нь сууж тѳлѳвшсѳн байдаг юм байна. Би оюутан байхдаа ийм хуралд суусан бол, Япон оюутнуудаас ийм зүйлсийг сурсан бол гэж бодогдож, буцаад оюутан насандаа очмоор, их зүйл хийж чадмаар сэтгэгдэл тѳрѳѳд, илүү олон залууст хүргэсэн бол, хүргэх юмсан гэж харамсан сонсож суулаа.

Нэгэн Монгол оюутан дүүгийн яриан дундаас бидний дунд хотод ѳсѳж, хотод амьдарсаар ирсэн, хѳдѳѳ явж ч бараг үзээгүй болохоор Монгол нутгаа, хѳдѳѳний амьдрал, малчдын амьдрал, байгаль орчин гээд олон зүйлийн талаар юу ч мэдэхгүйгээр ѳсѳж том болсон хотын Монгол хүмүүс байдаг талаар анх удаагаа сонсож мэдрээд, бас багахан ухаарч, зарим талаар харамсаж, ямар нэгэн зүйл хийхсэн гэж бодож л суулаа.

Хѳдѳѳний хүмүүс нь харьцангуй экологийн боловсрол муу, байгалийн уялдаа, харилцан шүтэлцээний талаар огтоос ойлголтгүй хүмүүс нь олон, хотын хүмүүс нь хѳдѳѳгѳѳ, мал аж ахуйгаа ч бүр мэдэхгүй тийм ч болохоор хамгаалж мэдэхгүй байна гэсэн дүгнэлт гаргаж, түүнийгээ зурагт номоор дамжуулан хүүхэд байхаас нь ойлгуулъя гээд бүүр ѳѳрсдѳѳ 3 зурагт ном зохиогоод, түүнийгээ цаашид хэвлэн хот хѳдѳѳгийн хүүхдүүдэд уншуулахаар тѳлѳвлѳѳд хийгээд явж байна. Үнэхээр бүтээлч, эрч хүчтэй юм.

Осакагийн Их Сургууль, КитаКюүшүгийн Их Сургууль гээд 2 сургуулийн оюутнууд ирсэн ба 2 баг болон хуваагдаж тайлангаа тавихдаа аль аль баг нь хогны асуудлыг хѳндѳж байв. Хѳдѳѳ явж байхдаа хог хараад үнэхээр цэвэрлэх хүсэл тѳрсѳн талаараа, цаашдаа УБ хотод ч, хѳдѳѳд ч оюутны хѳдѳлгѳѳн ѳрнүүлж хог цэвэрлэе гээд хэд хэдэн оюутнуудыг хамруулж хог түүхээр санаа гаргаж байна. Үнэхээр олон оюутан ойлгоод түүцгээвэл гэж бодоод, энэ бүхэн үнэхээр хэрэгжүүлээд ажил хэрэг болгоосой гэж хүсээд, залбираад л сууж байлаа. Би ч бас ямар нэгэн зүйл дээр оролцож тусалж чадах бол оролцох юмсан гэж бодож байгаа.

Миний клуб гээд мод тарьдаг оюутан залуусын нэг бүлгэм байдаг. Түүнтэй адил хог түүх нь бас оюутнууд хоорондоо нэгдэх, найз нѳхѳдтэй болох, байгалиа харах, ажиглах мэдлэг олж авах, хүмүүжил тѳлѳвшилд их чухал санаа юм билээ. Эдгээр залуус ѳѳрснѳѳ бас явж байхдаа цайны ургамал Монголд зүгээр хээр ургаж байдаг, эмийн ургамлууд байдаг, хайрлаж хамгаалахгүй бол устаж үгүй болдог гээд олон зүйлийг ганц удаагийн хээрийн судалгаагаар явахдаа ойлгож харж, багш нараасаа дуулж сонссоноо цохон ярьж дүгнэж байна билээ.
Энэ бол зѳвхѳн эхлэл, цаашдаа ганц энэ судалгаагаар дуусгалгүй үргэлжлүүлнэ гэх Япон оюутан залуусын сэтгэлийн хѳдлѳл, эрч хүчтэй яриаг сонсоод гадны хүнээр бахархах сэтгэгдэл тѳрѳѳд, дэлхийн хүмүүс юм даа гэж бодож хүн тѳрѳлхтнѳѳрѳѳ бахархаж суулаа

Энэ залуусын олж харсан үлийн цагаан оготны асуудал оготны хор, (сонсож суухдаа шонхор шувууны асуудал, тѳр засгийн буруу бодлого, мѳнгѳ л байвал юугаа ч ѳгѳхѳѳс сийхгүй, нутгийнхаа тэнгэрт дүүлэх шувууг хүртэл хайр найргүй гадныханд худалдах бирдүүдийн талаар бодол руу бодол хальтирч цээж бачуурч л суув), Монгол морь, чоно зэргээр дамжуулан хүүхдүүдэд ойлгуулах, хүргэх талаар санаанууд гээд зурагт номынх нь санаа, ерѳнхий скиз хүртэл гаргасан байгаа нь үнэхээр ажил хэрэгч байгаагаас нь бас л суралцаж л суулаа. Нэг номыг нь сонсож суухдаа үнэхээр л сэтгэл хѳдлѳѳд, хоолой зангирсан шүү.
  • Энэ номуудыг яг тухайн орчинд нь хэрэглүүлмээр байна
  • Номыг ангид уншуулаад хооронд нь хэлэлцүүлэг өрнүүлэх
  • Байгалиа хайрлах сонирхлыг төрүүлэх
  • Аав ээжид нь хамт уншуулах, ингэснээр насанд хүрэгчдэд ч ойлголт ѳгнѳ
  • Хүүхдүүд аав ээж, гэрийнхэндээ ч нѳлѳѳлнѳ
  • Номоороо дамжуулан эргэн тойрны хүмүүстээ таниулдаг “хүн бэлдэх”
  • Хѳдѳѳ гарч үзээгүй хүүхдүүдэд (хүмүүст) Монголын тал нутгийн талаар байгалийн талаар төсөөлөлтэй болгох
  • Монголын ирээдүйн хамгийн гол зүйл бол ус юм
  • Байгалаа хамгаалах уламжлалыг дахин бодох сэргээх, амьдралын хэв маягаас өрчлөгдсөн зүйлсийг сэргээх
  • Мѳн орон нутгийн хүмүүсээс ярилцлага авах, тэр явцдаа ѳѳрсдѳѳ мэдээлэл авч, мѳн тухайн хүмүүстээ байгаль орчны ойлголтыг түгээх.
зэрэг санаанууд нь бас үнэхээр л зѳв санагдсан.

Японы бага дунд ангийн хүүхдүүдийг ажиглаж сургах, ажиглаж дүгнэж сургах талаар бас сургалт боловролын системд нь байдгийг Монгол хүүхдүүддээ багш нар маань бас сургаасай гэж бодогдсон. Жишээлбэл зуны даалгавар нь ямар нэгэн тоо бодож, бичиг бичих гэхээсээ илүү ямарваа нэг зүйлийг ажиглаж, тэмдэглэл хѳтѳлж, түүнийгээ дүгнэж бичих талаар байдаг. Ингэснээр хүүхэд байгаль, амьтан, шавьж зам, хот, дүүгээ, ээж аавыгаа гээд ямар нэгэн зүйлийг ажиглан харж дүгнэж бичсэнээр тийм чадвар суудаг юм билээ.

2 улсын залуусын тайланг сонсож суухдаа Монгол оюутан дүү нар маань жоохон чамлалттай санагдсан. Манай боловсролын тогтолцоо, сэтгэлгээний онцлог гээд олон л юм бий байх. Ийм зүйлийг илүү олон оюутанд үзүүлж, сонсгож, илүү цар хүрээтэй хийсэн бол Япон оюутнуудаас илүү олон Монгол залуус суралцах, бас хамтрах байсан болов уу гэж харамсан бодож суусан.

Осакагийн Их Сургуулийн Ѳвѳр Монгол профессор Сэцэнхүү гээд багш удирдан, шавь нь болох КитаКюүшүгийн Их сургуулийн багш Кишимото багш, Ишикава багш нар Япон оюутнууд дагуулж ирэн Ѳвѳрхангай аймагт Япон Монгол оюутнууд хамтдаа дадлага судалгаа хийж, байгаль орчны асуудлууд ба антропологийн зэрэг судалгаа хийсэн юм байна. Сэцэнхүү багш бол жил бүр ийм дадлага хийдэг юм байна.
 
 
 
 
Сэцэнхүү багш Кишимото багш нар санаачлан Монголын ховор ургамлыг хамаалах тѳв байгуулж байгаа юм билээ.
 
 
Монгол хүүхдүүдийн дунд байгаль орчны боловсролын тэмцээн зарлана гэж ойлгосон. Нэг хүүхэд Японд аялах эрх авах бас ѳндѳр шагналтай юм билээ.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2020-11-14 12:01 | |



:-)