төрөл: Эх орон | огноо: 2015-11-11,12:26

Бид ч бас "Онц" байхгүй бол болохгүй

Нэгийг бодож хоёрыг тунгаагууштай нийтлэл байна. Хуулаад тавьчихлаа...


Оршин тогтнохын тулд 'онц' байхаас өөр замгүй

Хиймэл арал дээрх зүлгэн дээр нь суугаад Сингапурыг ажиглaж байхад яг л харь гаригийн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Өөр ертөнцийн гэмээр эргэн тойрны этгээд дизайнтай
архитектур нь нүдэнд нэг л содон. Харин өвөл зун, өдөр шөнө ч нэг хэвээрээ байх чийглэг бүлээн агаар нь бараг л саун шиг. Явсан ч суусан ч хѳлс урсгах 90% чийгшилтэй 33 хэмийн ийм халуунд толгой ажиллахгүй удааширч хамаг залхуу хүрнэ. Зүгээр л далайн эрэг дээр нь мөстэй сайдр шимээд дээшээ хараад хэвтэж байхыг бие организм маань шаардах мэт санагдана. Ажил хийх нь битгий хэл хоол идэх хүсэл ч төрөхгүй учир тропикийн бүсийн ийм цаг агаартай халуун орнууд ихэнхдээ ядуу буурай байдагт гайхах зүйл гарсангүй. Харин энэ зүй тогтлыг ганцаар эвдэн зѳгнѳлт кинон дээр гарсан ч болохоор ирээдүйн гэмээр энэ хотыг ямар тусгай хүмүүс нь босгочихов гэдэг гайхшрал ѳѳрийн эрхгүй тѳрнө…

singapore%20night

Сингапур одоогоос яг 50 жилийн өмнө тусгаар тогтносон улс болоход анхны ерөнхий сайд Ли Кван Ю телевизийн өмнө уйлж байлаа. Гэхдээ энэ нь баярын нулимс биш байв. Хэдийгээр II дайны дараа Английн колончлогчид буцаж, Японы түрэмгийлэгчид явсан ч хүнсний дутагдал, орон байрны асуудал, үймээн самуун гэх мэт үй олон асуудал дунд хоцорсон сингапурчуудын ирээдүй тун бүрхэг байв. Тэр үед Сингапур хэн нэгний эх орон гэхээсээ тал талаас олон янзын хүн цугласан зочид буудал шиг л газар байж. Манай нэг сумаас бага хэмжээтэй энэ жижигхэн аралд байгалийн баялаг битгий хэл ундны ус ч байсангүй. Иймд цаашдын оршин тогтнолынх нь сүүлийн найдвар болсон Малайзтай нэгдэх төлөвлөгөө бүтэлгүйтэн “хүчээр” тусгаар улс болоход Ли Кван Ю ярилцлагаа түр зогсоогоод гашуун нулимсаа арчиж байв (Сонирхуулахад: Malaya + Singapore =Malaysia. Хэдийгээр Сингапур Малайзаас хөөгдөж гарсан ч si 2 үсэг нь нэрэнд нь хадгалагдаж үлджээ).

Харин тэр цагаас хойш хятад, малай, энэтхэг, араб тэргүүтэй үндэстнүүд нийлэн дэлхийд тэргүүлэх инновацийн эдийн засагтай энэ улсыг бүтээн босгоод, өнөөдөр америк япончуудаас ч хангалуун амьдарцгааж байна. Тэд нэг хүнд ногдох ДНБ-ээ 110 дахин өсгөж $500-аас $55,000 болгохдоо нийгэм болон хүрээлэн буй орчноо ч хөсөр хаялгүй хамгийн шилдэг хөгжлийн жишээ болжээ. Сингапурчуудын амьдралын түвшин хэр өндөрт хүрсэн нь F1-ийн уралдааны зам болгож ч ашигладаг угаачихсан юм шиг цэвэрхэн гудамжаар нь давхилдах шинэ загварын Ауди, Бенцүүдийг харахад л ямар ч статистик тооноос илүү ойлгогдоно. Иргэдийнх нь 90% хувьдаа орон сууцтай болсон нь хөгжсөн орнууд дунд ч хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд дундаж наслалтаараа (эрэгтэй 81, эмэгтэй 85) дэлхийд дээгүүрт орно. Хотод байгааг мартуулмаар паркуудтай, борооны усыг цуглуулж нойлоо урсгаж, нарны гэрлийг хуримтлуулж шөнө нь гэрэлтүүлгээ хийдэг дэлхийд байхгүй цэвэрхэн ногоон энэ газарт бохирдол зөвхөн гаднаас (Индонезээс) л хийсч ирнэ...singapore1105

Сингапур дэлхийн газрын зураг дээрээс хялбархан олдохгүй ганцхан цэг тѳдий ч олон улсын бизнесийн нэг төв зангилаа болсон. Дэлхийд 4-т орох санхүүгийн төв энэ хотод 120 гаруй банк байдгаас ердөө 5 нь л ѳѳрийнх нь дотоодын банк (Харилцагчдын нууцыг чандлан хадгалахдаа
швейцаруудаас ч илүү гарч, хѳрѳнгѳтэй хүмүүст зориулсан oфшор дансны үйлчилгээгээр тэднийг гүйцэх замдаа яваа Сингапурт манай баячуудын нууц мѳнгѳ ч нэлээн байдаг байж магадгүй). Хотын төвийн тэнгэр баганадсан шилэн барилгуудад нь 7000 мультинационал компани цугласнаас 60% нь Азийн бүсийн төв офисоо байрлуулж. Сүүлийн 3 жил дарааллан ранкаараа олон улсад #1 гэгдэж буй Чанги нисэх буудалд гадна дотны 100 гаруй агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж, дэлхийн 300 хотын хооронд 50 сая гаруй зорчигчийг зөөнө. Зах нь харагдахгүй далайг хөлөг онгоцоор дүүргэсэн (ажил амралтын аль ч өдөр 1000 гаруй онгоц зогсож байдаг) боомт нь дэлхийн 120 гаруй оронтой
холбогдож, ачааллаараа зөвхөн Шанхайн дараа л орно. Үнэтэй пиво (пинт нь $10 орчим),  ѳндѳр торгуультай ( $350-aaс л эхэлнэ) бѳгѳѳд бохь зардагггүй, ТВ-ээр SATC(Sex and the City) хориотой энэ хотыг үзэхээр жилд 15 гаруй сая жуулчин ирж гудамж талбай, зочид буудал, хоолны газруудад нь очер үүсгэнэ. Хэдийгээр Ром шиг түүхтэй, Нью-Йорк шиг алдартай, Токио шиг үйлчилгээтэй биш ч жилд татдаг жуулчдын тоогороо тэднийг гүйцэж дэлхийд 4-т орсон нь Сингапур хэр гайхалтай вэ гэдгийн бас нэг баталгаа болно.

 

Өндөр хөгжлийн нууц нь юунд байна?

Ийнхүү Сингапурыг дэлхийн санхүү, бизнес, тээвэр, аялал жуулчлалын төв болох боломжийг бүрдүүлж хѳгжлийн их амжилтанд хүргэсэн зүйл нь газарзүйн оновчтой байрлал (дэлхийн далайн тээврийн 40% нь дайрч өнгөрдөг) гэж тайлбарлах нь их. Эсвэл англичуудын ѳвлүүлж үлдээсэн хуулийн сайн тогтолцоо, татварын таатай орчин бизнест чухал нѳлѳѳтэй байсан гэж үзэх нь ч бий. Анхнаасаа ойр орчмын арал, улсуудаас худалдаа арилжаа эрхэлдэг арай овсгоотой сэргэлэн, хөдөлмөрч хүмүүс энд цугласан нь амжилтын түлхүүр болсон гэх яриа ч түгээмэл. Ил тод засаглал, хэдэн арван жилийн турш тууштай явуулсан тогтвортой бодлого нь бусдын хүрч чадаагүй оргилд хүргэсэн гэх тайлбар ч олон. Хэдийгээр эдгээр нь үнэмшилтэй сонсогдох ч сингапурчууд яг ижилхэн байрлал, тѳстэй түүхтэй хөршүүдээсээ 10-30 дахин хангалуун амьдралд хүрч, сайн засаглал зөв бодлоготой бусад хөгжсөн орнуудын ч атаархлыг төрүүлэхээр амьдралын түвшинтэй болсныг бүрэн тайлбарлаж чадахгүй.

Харин хэл соёл, угсаа гарал, шашин шүтлэгээрээ ялгаатай олон янзын хүн цугласан ч энэ оронд хаанаас ирсэн хэн бэ гэхээсээ "юу чаддаг"-ийг нь хамгийн ихээр үнэлдэг нь  бусдын чадаагүй өндөр амжилтад хүрсэн гол нууц нь юм.

Сайдуудын боловсрол, өөр аль ч улсад байхгүй өндөр цалингаас нь харахад л Сингапурт чадвар хэрхэн үнэлэгддэг нь тодорхой. Жишээ нь Обама, Абе, Меркел, Путин & Камеруны цалингийн нийлбэр одоогийн ерѳнхий сайдын авдаг цалингийн 70%-д хүрэхгүй (эндээс инфографикаар үзнэ үү). Манай гаригийн өнцөг булан бүрээс цугласан шилдгүүд дундаас шалгарч гарч ирэхгүй л бол дэлхийд тэргүүлэх гадна дотны компаниудын офист нь багтаж шингэх орон зай мэдээж олдохгүй. Хөгжсөн орнууд дундаа хамгийн өндөр орлогын тэгш бус байдал нь хүртэл нэг талаар чадвартай хүмүүс нь өсөлтийн үр шимийг хамгийн ихээр хүртдэгтэй нь холбоотой. Авилгагүй төр, бизнес эрхлэх боломжоор дэлхийд тэргүүлдэг энэ улсад 6 гэр бүлийн 1 нь бэлэн мөнгөөр долларын саятан (хэрэв үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасыг оруулвал үүнээс ч их) болж, Феррари Ламборгини г.м үнэтэй машины нягтралаар дэлхийд тэргүүлдэг нь ч ур чадварыг хэрхэн үнэлдгийн бас нэг илэрхийлэл юм.

Угаасаа оюуны баялгаас өөр нөөцгүй Сингапурт тархиа сайн ашиглах нь сайн сайхан гэхээсээ оршин тогтнох үндэс нь болох тул юу юунаас илүүд үзэхээс ч өөр аргагүй. Уртаашаа 25 км арлынх нь нѳгѳѳ захад хүрэхэд заавал нисэх шаардлагагүй байтал Singapore Airlines үнэ цэнээрээ дэлхийд #2-т орох агаарын тээврийн компани болсон нь сингапурчууд толгойгоо ажиллуулсны л үр дүн. Газрын тос гарах нь бүү хэл ундны усаа Малайзаас зөөдөг улс дэлхийд эхний 3-т орох нефть боловсруулах төв болсон нь мөн л адил шалтгаантай. 5.5 сая хүнтэй хязгаарлагдмал зах зээлтэй ч дэлхийн бизнесийн төв хамгийн нѳлѳѳтэй хотуудын нэг болж чадсан нь ч мөн ижил. Ингэж оюуны чадвараа ашиглан шинэ боломжийг vvсгэж эдийн засгаа авч явах хүмүүсийг боловсролгүйгээр бий болгох аргагүй. Тийм ч учраас Сингапурын дунд сургуулийн сурагчид нь дэлхийд шилдэгт тооцогдож, их сургуулиуд нь ранкаараа урагшилсаар байна. 

  • OECD-ийн дунд сургуулийн сурагчдын математик, шинжлэх ухааны тестийн ранк 2015: Сингапур #1, Финлянд #6, Америк #28 Орос #34 (Сонирхуулахад дэлхийд топ гэгддэг Сингапурын 10 жилийн сурагчаас ухаантай эсэхээ мэдэхийн тулд та энэ тааврыг тааж үзээрэй. )
  • QS дэлхийн их сургуулиудын ранк 2015: National University of Singapore Азид #1, Дэлхийд #12 жагсаж байгаа бол Nanyang Technological University Азид #2, Дэлхийд #13-т жагсаж байна

Ийнхүү Сингапурын талаар яриа дэлгэхэд “дэлхий”, “тэргүүлэх” гэдэг 2 үг ашиглахгүйгээр ганц ѳгүүлбэр бичихэд ч хүндрэлтэй. "Асар их ѳрсѳлдѳѳнтэй энэ дэлхийд Сингапур оршин тогтнохын тулд ямар байх хэрэгтэйг ганц үгэнд багтаавал ОНЦ байх" гэж Ли Кван Ю хэлсэн нь ѳнѳѳдѳр аль хэдийнээ биеллээ олжээ. Ер нь ямар ч ашигтай байрлал, сайн хууль, таатай тууштай бодлого, овсгоо сэргэлэн зан байгаад сингапурчууд ѳѳрсдѳѳ “онц”  байгаагүй бол англичуудыг анх угтсан загасчны тосгоныг зөгнөлт кинон дээр гардаг шиг өнөөгийн хот болгон хувиргаж чадна гэж үү?

Харин монгол хүн уушиг царцаам хүйтэн ѳвѳлтэй газарт ирээдүйн юм шиг хотыг бүтээхийг хүсвэл сингапурчууд шиг өөрт байхгүй боломжийг ч бий болгох оюуны онц чадвартай байх ёстой.  Ингэж чадахгүй байлаа гэхэд ядаж нүүрсний утаа эсвэл цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртдэггүй хотод амьдрахын тулд монгол хүн ямар байх хэрэгтэй юм бол?

2015-11-05
Б. Түмэнцэнгэл


Эх сурвалж: http://www.trends.mn/n/4006
(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant