төрөл: Эх орон | огноо: 2011-8-14,03:43

Тархины тураал

Нэг ийм нэртэй нийтлэл нэлээн дээр уншиж байснаа одоо ч бараг мартжээ. Сая http://sonin.mn/?p=148293 нийтлэлийг уншихдаа саналаа.

Энэ нийтлэлийг уншаад би бас яг энэ хэсгийг ишлэл хийж авмаар санагдлаа:

"Гэвч Монголд удвал Монголчууд шиг догшин ширүүн, хоорондоо ярилцахаасаа илүү хэрэлдэхээ урд болгодог, уурын мунхагт автсан, гоё ганган дэмий хоосон хувцас хунар брэнд мэтийг сонирхдог, цаг нөгцөөсөн дэмий хошин шог үзэж ихэнх цагаа бардаг, бусад хүмүүс ялангуяа эмэгтэйчүүдийг янз бүрийн үгээр хэлж доромжлохоо юман чинээ боддоггүй, өөрийгөө хөгжүүлье гэж залуус нь боддог ч тэр нь англи хэл, компьютерийн мэдлэг төдийнхнөөр хязгаарлагддаг, ийм орчинд өөрийн мэдэлгүй уусч ороод ийм болчих болвуу гэж их айдаг гэнэ."

Нийтлэлийн доор хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг унших юм бол яг л энд хэлсэн "хоорондоо ярилцахаасаа илүү хэрэлдэхээ урд болгодог, уурын мунхагт автсан" яг үүнийг олж харна. Их олон сэтгэгдэл бичсэн хүмүүс юу бичсэнийг нь биш энэ эмэгтэйг шүүмжлэх, хэрэлдэхээ урьтал болгожээ. Магадгүй Баабар ингээд бичсэн бол бүгд л толгой дохиод өнгөрнө дөө...

"Үнэхээр ч амьдрах орчин, уух ус, амьсгалах агаар нь арай ч дээ гэмээр алт олборлогчдын шуналд сүйдэж буйг Улаанбаатарчууд мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонсож үзэхээс ч хальширдаг нь харамсалтай нь үнэн юм."

Хонь майлж байгаад л гаргуулдаг шиг Монголчууд бид яг л майлцгааж байгаад л өрцөө цоолуулчихаад амь тэмцэн өвдөж байгаа ч одоохон голыг нь таслах гэж байгааг мэдэж байгаа нь ч цөөхөн байгаа мэт санагдах... Бид хонь уу? Чоно уу? (Нууц товчоонд зүгээр ч нэг хөх чонын удам гээд бичээд үлдээчихээгүй л гэж боддог...)

"Гэвч өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж өөрийнхөө үл бүтэх хэвшсэн заншлаасаа сална гэдэг бол хамгийн хэцүү.

Дундговь аймгийн нутагт Их газрын чулуу хэмээх өвөрмөц тогтоцтой дэлхийд ховор сайхан газар бий. Түүнийг тэндхийн дарга нар нь задгай театр байгуулж байгаа нь энэ гээд битүү цементлээд хаячихжээ. Дам сонсвол энэ гэнэн тэнгийн том жишээ болсон ажиллагаанд аймгаас 90 сая цаас зарцуулсан гэнэ. Сая Хэнтий аймагт Монгол хатадын онгон өргөө гэж 400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд тэндхийн ийм элдэв дэмий хөшөө дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ ? өөр хийх ажил алга уу?

Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийн дараа нураад унаж балгас болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана.

Гэвч сүүлийн 3 жил улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандуудыг сэргээх хөрөнгө мөнгө Монголын эрх баригчдад алга гэнээ?

Учир нь Монголын сонгогчид гарт баригдаж, нүдэнд харагдахгүй юм хийсэн хүнийг үл ойшоох ба өөрт нь долигнож, элдэв цаас, одон медалиуд, баярын бичиг энэ сэлтийг замбараагүй тарааж энд тэндхийн элдэв овоо гүвээний найр наадам хийж, архи тараасан хүнд ялангуяа хөдөөнийхөн хөөрхий минь их хууртана. Үнэндээ бол хөөрхий тэр сонгогч нар эд нарын аль нь ч адилхан дөө гэж боддог нь бодит байдал билээ."

"Ийм зүйлийг бүгд мэдэж ярьж бичиж байна, чи өөрөө ирээд гар биеэрээ юм хий" гэж олон хүн бичжээ. Би бол харин ч хүн бүр ингэж бичээсэй, яриасай гэж хүсдэг. Ганц интернет биш сонин сэтгүүл зурагт бүх зүйлээр үүнийг маш олон, нүдтэй чихтэй хүн бүрт уншуулж, сонсуулахыг, бүгд хэлж ярьж ийм хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаасай гэж хүсэж байна. "Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш" гэж үг бий. Бас "Ярих хийхийн хагас" ч гэж үг бий. Ярьж бичиж байж л хийж эхэлнэ. 

Бас энэ нэг сэтгэгдэл:

"Хүн санаа аваасай гэсэндээ л өөрийнхөө хүсэл бодлыг илэрхийлж байна. Хэн ч хаана ч амьдрах эрхтэй. Гадаадад амьдардаг байлаа гээд эх орон, элгэн садандаа хандаж сануулж, сэрэмжлүүлж үгээ хэлэх эрхгүй байдалд орж болохгүй биз дээ. эх оронч гэж эх орондоо байдаг л хүнийг хэлэхгүй гэдгийг өнөө цаг үед хүмүүс ойлгодог болоо байлгүй дээ. Ганцхан жишээ татахад л Далай лам эх орондоо амьдардаггүй, тэгэх ч бололцоо байхгүй. Гэвч дэлхийгээр таран суусан эх орноосоо дүрвэсэн түвдүүдэд үгээ хэлж, урам зоригийг нь сэргээж амьдралд зоригжуулж явдаг шүү дээ. Зүрх сэтгэлдээ эх орноо тээж, түүнийхээ төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй олон монголчууд дэлхийгээр тархан суугаа. Тэд бол биеийн амрыг харж жаргал хайсандаа цөллөгөөс өөрцгүй санагдах бусдын нутагт амьдраагүй. Тэд үр хүүхэд, ах дүү хамаатан садныхаа амьдралыг жаахан ч гэсэн өөд нь татах эрмэлзлээр өөрийн хүсэл, амьдралаа золин золин байж хүний нутагт амьдарч байгаа хүмүүс шүү."


За тэгээд уншиж амжаагүй яваа бол Кимүра Аяако хэмээх Монгол гэсэн сэтгэлтэй ухаант Япон бүсгүйн бичсэн нийтлэлийг доорх холбоосоор ороод сонсоод үзээрэй:

http://www.youtube.com/watch?v=S6gKRQ8wIvg

(1) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдлийг устгасан: Нинж хэзээ: 2011-8-30
Нинж хэзээ бичсэн: 08:35, 2011-8-30 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant