төрөл: Эх орон | огноо: 2012-10-28,09:06

НҮХЭН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИН БОЛСОН ХОЙНО БИДНИЙГ ХЭН СОНСОХ ЮМ БЭ

Өмнөговийн Гурвантэс сумын малчид цөхрөнгөө баржээ. Хэдэн зууны турш идээшин сууж, мал хуйгаа адгуулж ирсэн бэлчээр нутгаа уул уурхайд булаалгаж, хүн байтугай амьтан ч тогтохын аргагүй дуу чимээ, тоос тортогтой орчинд амьдарч, арга буюу нутгаа орхиод нүүж байна. Уул уурхай өмнийн говьд л үүцээ нээсэн үү гэвэл үгүй. Газрын зураг дээр харвал Монголыг аалзны тор шиг бүхэлд нь хэржээ. Энэ хэрсэн сүлжээ болгоны цаана малчдын эрх ашиг зөрчигдөж, бэлчээрийн мал аж ахуй мөхлийн ирмэг дээр очоод байна. Нүүдэлчин монгол хэмээх бахар хал, утга учир, дэлхийд ялгарах үндэстний онцлог, өв соёл, уламжлал маань устаж байна хэмээн малчид “Өнөөдөр” сонинд хандлаа. Өмнөговийн Гурвантэс сумын иргэдийг төлөөлж ирсэн малчин Д.Бат-Очир, Н.Мэнд-баяр, А.Нинжбадгир нартай хийсэн ярилцлагыг хүргэе.


-Танай суманд уул уурхайн лицензтэй хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

-А.Н: 70 гаруй лиценз байдаг гэж бидэнд мэдээлсэн. Үүнээс 16 нь хайгуулын лиценз. Одоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Чинхуа мак”, МАК, “South gobi sands” тэргүүтэй долоон компани бий. Нүүрс, алт, чулуу, давсны гээд маш олон орд бий. Манай сумын газар нутгийн 40 гаруй хувь нь лицензэд хамрагдсан. Ашигт малтмал ихэвчлэн байгалийн үзэсгэлэнтэй бүсэд, хүн, мал, араатан амьтдын амьдрах боломж бүрдсэн тийм газар л байдаг. Гэтэл яг тэр газрыг нь уул уурхайн компаниуд ухаад байна. Нэг хэсгийг нь ухаж сэндийлээд орхисон. Гэтэл дахиад гурван уурхай үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Улс орон даяараа Оюутолгой, Таван толгой руу бүх анхаарлаа хандуулж байтал араар нь түүнтэй өрсөлдөхүйц нөөцтэй, ашигт малтмалын ордууд хараа хяналтгүй орхигдоод байна уу гэж бодогддог.

-Одоо ямар гурван уурхай үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа юм бэ?

-Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Жавхлант орд” компани ашиглалтын лицензээ авчихсан байгаа. “Зэлэм” гэдэг компани хайгуулын лицензээ авчихсан, одоо ашиглалтын лицензээ авах гээд явж байна гэсэн мэдээлэл бий. Нутгийнхны яриагаар Сүмбэрийн болон Билүүтийн хоёр орд “Терри энержи” гэдэг компанийн нэр дээр байдаг гэх. Интернэтэд зарлагдчихсан явж байна. Эдгээр компани үйл ажиллагаа явуулаад эхэлбэл манай суманд мал аж ахуй эрхлэх боломжгүй болно. Энэ чинь малчдын амьжиргааны гол эх сурвалж шүү дээ. Олон зуун жил эрхэлж ирсэн мал аж ахуй манай сумын хувьд үндсэндээ зогсоно гэсэн үг. Тиймээс уул уурхайн үйл ажиллагаа нэмж явуулахыг зогсоох зорилготой, Төрдөө үгээ хүргэе, ард түмэндээ мэдэгдье гэж бид зорьж ирсэн.

-Хүний эрхийн үндэсний комиссоос уул уурхайн талаар том судалгаа хийсэн байна. Малчдын өвөлжөө хаваржаа, бэлчээр нутгийг нь уул уурхайн компаниуд арван сая төгрөгөөр авдаг гэж судалгаанд дурдсан байна лээ?

А.Н: Арга байхгүй цаг хугацаагаар шахагддаг юм, тэд. Би явахгүй ээ гээд сууж байсан ч мал нь бэлчих талбайгүй болоод, өөрсдийнх нь эрүүл мэндэд нөлөөлөөд ирэхээр дуу чимээнээс халшраад явдаг юм. Тэр газар нутаг лиценз авсан хүнийх биш, Монголын ард түмний хөрөнгө шүү дээ. Тэнд эзэн сууж, ашиглах гэж байж адгуулж байсан мал хуйг нь байхгүй болгож, тэр газар нутгийг харж хамгаалж ирсэн иргэдэд цөөхөн хэдэн төгрөг өгнө гэж хэлдэг. Гэтэл малчдын амьжиргааны үндсэн баталгааг нь алга болгож байна. Бидний тавьж байгаа нэг шаардлага бол уул уурхайн үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа тэнд амьдарч байсан айлын иргэдэд ашиг хувьцаа хүртээгээч ээ. Тухайн газрыг нөхөн сэргээсний дараа дахин мал аж ахуйгаа эрхлэх боломж олгооч ээ гэж санал тавьж байна.

-Уул уурхайн компаниудын ухсан нүх шуудуунд мал унаж үхэх явдал их байдаг гэсэн?

-Д.Б: Уул уурхайн компанийн татсан суваг шуудуунд нэг айлын хоёр хүүхэд унаж нас барсан тохиолдол бий. 2007 онд болсон хэрэг л дээ. Манай нэг ингэ ухсан нүхэнд унаж үхсэн. Гэндэндарам гэдэг айлын ингэ нь өрмийн цооног руу хөлөө шаагаад уначихсан, ботго нь сахиж байгаад тэндээ бас үхсэн байх жишээтэй. Мөнхсайхан гэдэг айлын мал руу “Чинхуа мак” компанийн тэжээвэр ноход дайрч арваадыг нь барьсан. Гомдол гаргасан боловч барагдуулаагүй. Нөлөөллийн бүсэд орсон айл л даа. Гэтэл тэднийд нөхөн олговрыг нь одоо хүртэл өгөөгүй. “Чинхуа мак” компани саяхан 10 жилийнхээ ойг хийсэн. Тэр олон жил болж байж асуудлыг нь шийдээгүй л байна. Малчид хэнд, хаана хандах учраа олохгүй, тэгсгээд л өнгөрдөг. Одоо ч тэр, ийм тохиолдолд тэгж хариуцлага хүлээлгэнэ гэсэн хууль эрх зүйн тодорхой ойлголт байхгүй л байна. Өрмийн цооногийг гагнуурдаж таглаад, хавь орчмын газруудад нь нөхөн сэргээлт хийх ёстой. Гэтэл онгорхой чигээр нь орхидог. Хортой бодис ялгарч л байгаа. Ер нь уурхайн нөлөө их л дээ. Малын уушги, бие организмд нь нөлөөлж л байна. Махыг нь лабораториор шинжлүүлбэл хүнсэнд хэрэглэхэд хэр гэж гарах бол. Гурван том уурхай нүүрс тээвэрлэдэг замыг хатуу хучилттай болгоогүйгээс хавь ойрынх нь бэлчээр тэр аяараа хар шороо, нүүрс, түйрэнд дарагдаад байна.

Н.М: Одоо тэнд шинэ уурхай баригдах гээд өнөө маргаашгүй ухна гээд давшлаад байж байна. Зөвхөн тэр лицензтэй талбай ч биш, тэр нүүрсний уурхайгаас хил хүрэх 100 км орчим газар буюу манай сумын газар нутгийн 50 хувь нь үгүй болох гээд байгаа юм. Нутаг орны мал хуй, ард иргэдийг яаж амьдарна гэж энэ лицензийг өгдөг юм бэ. Энэ бол маш учир дутагдалтай.

-Уул уурхайн нэг компанийн лицензтэй талбай дунджаар хэдэн га газрыг хамарч байна. Тэнд нь хэдэн айлын бэлчээр орж байна вэ?

-“Жавхлант орд” компани 43 мянган га газартай. Тэнд 30-аад айл бий. Тэр компани Гурвантэс сумын төвийн газар нутгийг хүртэл оруулаад авчихсан байгаа юм. Зай л байвал өгдөг байж болох уу. Хоёрдугаарт, замын асуудал. 10 жил болсон уурхай засмал зам тавиагүй байна. Зам тавина, ийм тийм юм хийнэ гэчихээд баялаг нь дууссан хойно яваад өгөх магадлал өндөр. Баялаггүй болчихсон хойно араас нь бид юугаа гоншгонох юм бэ. Та нар тухайн үед нь хийлгэхгүй яасан юм бэ. Та нарын буруу л гэж хэлнэ. Баянхонгор аймгаас Өмнөговийн Гурвантэсээр дайруулж зам тавих гэж байна. Энэ замын 70 хувь нь манай сумын нутаг дэвсгэрээр, байгалийн үзэсгэлэнт онгон дагшин газраар халз хөндлөн явна. Зам тавьсан тэр газрын онгон зэрлэг байгаль, ан амьтан үгүй болно. Тэнд амьдарч байгаа хүмүүс хаачих вэ. Түүгээр өдөр шөнөгүй хэдэн мянган машин цувна. Аваар осол гарна. Амьд явах баталгаагүй болно. Бидний анзаарч байгаагаар, баялгийг аль болох л хурдан авах гэж яарцгааж байна. Ядахдаа дэс дараатай, стратегийн орд газраа эхэлж ашигламаар. Дараа нь үлдсэн уурхайнуудаа нөөц маягаар ашиглаж болно шүү дээ. Заавал өнөөдөр бүгдийг нь онгичих ямар хэрэгтэй юм. Энэ бол ганцхан Өмнөговийн Гурвантэс дээр яригдаж байгаа асуудал биш. Эргэн тойронд, улсын хэмжээнд уул уурхайн асуудал малчдын хувьд хүнд байна. Алтан дээр суусан гуйлгачин биш, нүхэн дээр суусан гуйлгачин болчихвол биднийг хэн сонсох юм бэ.

-Уул уурхайн компаниуд малгүй болсон малчдыг ажилд авч, сарын 300- 400 долларын цалин өгдөг гэж хэлдэг. Уул уурхайн компанид ажилд орсон хүн хэр олон бэ?

Н.М: Амьдрах нөхцөлгүй болсон бол ажилд орохоос яах юм бэ. Тэд “Та нар боловсролгүй” гэдэг. Шал угаалгадаг, тогоочийн туслах, жолоочийн туслах хийлгэдэг. Эцсийн эцэст тэнд ажилласнаараа эрүүл мэндээрээ л хохирч байна. Эрүүл мэнд, эд материалаараа хохироод дээр нь эх оронгүй болчихоор тэр хүнд юу үлдэх юм бэ. Тэр компани биднийг хэдэн зуун жил авч явахгүй нь мэдээж. 15-20 жил баялгаа авлаа, дууслаа, хаалаа. Эргэж төлжихгүй нүхэн дотор бид хаачих юм бэ. Бүх газрыг сэндийлээд хаячихаар хаанаа амьдрах вэ. Гурвантэс сумын төвийн газрыг тэр чигээр нь лицензийн талбайдаа оруулсан байна гээд бод доо. Малчид маань наадам хийдэг сайхан талбайтай, морио уралдуулдаг байсан. Өдөр,шөнөгүй машин цувдаг. Малчдын баяр цэнгэл эдэлдэг тэр өдрийг нь хүртэл хаагдуулчихлаа. Морь уралдуулна гэдэг чинь их гоё өв соёл шүү дээ. Ямар гоё энерги тэндээс авч, өв соёлоо ухаарч, үр хүүхэд нь өлгийтэйгээс авахуулаад тэрийг мэдэрдэг, гийнгоо сонсож баярлаж дэвэрдэг. Гэтэл морь уралдуулах газаргүй боллоо.

Уул уурхайн нөлөөллийн бүсэд орсон газрын малчдыг нэгэн судалгаанд эмзэг бүлэг гээд оруулчихсан байна лээ. Энэ бол үнэхээр доромжлол. Бид эмзэг бүлгийнхэн биш шүү дээ. Эрх тэгш, өөрийн өв соёлоор сайхан амьдарч ирсэн улс. Эмзэг бүлгээрээ дуудагдаад, уул уурхайн компанид цэвэрлэгч хийх хэрэг байна уу. Бид малаа маллаж, улсад зохих хэмжээний татвараа өгдөг. Ноос ноолуураа тушаадаг. Өнөөдөр мал аж ахуйгүйгээр Монголыг төсөөлөхгүй гэж боддог. Гэтэл яагаад малчдын эрхийг зөрчүүлээд байгаа юм. Үнэхээр тэвчихийн арга алга. Гурвантэс суманд амьдарч байгаа малчид, мал аж ахуй тэр орон нутагтаа л дасан зохицсон. Манай говийн ургамал, заг байгалийн ган гачигт тэсвэртэй. Арван жил ган болоход тэнд мал сүрэг устаагүй. Энэ бүхэн байгалийн онцлог, өвс ургамлын давуу тал. Тэр бүхэн үгүй болж байгаа. Зарим газар бүр цөлжсөн. Заг нь өмхөрсөн. Зүй бус харьцсанаас болсон үйлдэл гэж боддог. Малчид бид чадан ядан тэмцэж байна. Хүч мөхөсдөөд байна. Цөөхөн ч болтугай мал аж ахуйгаа яаж авч үлдэх вэ гэж бодож сууна. Лиценз олгохдоо ядаж судалгаа хийдэг байх хэрэгтэй. Тэр газарт хэдэн хүн, мал амьдарч байгаа, ямар уул, хэдэн булагтай юм, байгаль орчны хувьд ямар вэ гэдгийг харгалзахгүйгээр зүгээр л харж байгаад зай байвал сумыг нь оруулаад ч хамаагүй тамга дарж байдаг.Уул ус, тахилга шүтээнтэй газар гэдэг ойлголт бүр өнгөрсөн. Газрын зураг дээр харвал шүдэнзний модоор цэглэх төдий газар малчид бидэнд оногдож байна.

-Сумын төвийн газрыг лицензийн талбайдаа оруулаад авчихсан компани юу гэж тайлбарлаж байх юм бэ?

-А.Н: “Жавхлант орд” компани л даа. “За яах вэ, танай сумын төвийн газрыг эдэлбэр газар гэдэг байдлаар гаргалаа шүү” гэж хэлж байгаа юм. Бидэнд буян үйлдэж байгаа бололтой.

-Танай сум хэдэн хүн амтай, хэчнээн малтай вэ?

- 4808 хүн амтай. Явуулын, түр оршин суугчид, уул уурхайнхан нийлээд 8000-д хүрдэг гэдэг. 130-аад мянган малтай.

Н.М: Миний малыг өсгөөд өгөөч, нэг шуудай гурил өгөөч, миний хотыг янзлаад өгөөч гэж бид төрөөс гуйгаагүй. Манай сумаар очоод үзээрэй. Малчид үнэхээр цөхөрч байна. Өөрийнхөө хүч чадлаар татвараа төлөөд, мал хуйгаа өсгөе гээд амьдарч байхад яагаад газар нутгаар нь хавчиж, бодлогогүйгээр шийдвэр гаргаж байгаа юм бэ.

Д.Б: Би нэг зүйлийг гайхдаг юм. Лицензтэй талбай гэж ярьж байна. Тэнд өчнөөн айлын өвөлжөө бууц бий. Малчид өөрсдийнхөө эрхийн дагуу 60 жилийн хугацаатай гэрчилгээжүүлээд авчихсан байдаг. Тэгэхэд лиценз нь яахаараа давуу эрхтэй байдаг юм. Бид лицензээ авсан, танайх эндээс нүү гэдэг.

-Говьд усгүй болох аюул нүүрлээд байгаа талаар нэг эрдэмтэн хэлж байхыг сонссон?

-Үнэхээр тийм. Говь хөрсний ус багатай. Судлыг нь олоод ухаж гаргадаг. Гэтэл компаниуд өрөм хийгээд эхлэнгүүт өнөөх нь ширгэдэг. Өрөмний нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэд хийгээгүйгээс хөрсний усны ууршилт их явагддаг. Хайгуул хийхдээ ганц нэг өрөмдөхгүй шүү дээ. Нэг хэсэг нь булаад явна. Зарим нь булахгүй. Уулын орой руу ч ухна. Байгальд шууд нөлөөлөөд худаг нь ширгэдэг. Манай өвөг дээдэс газрын чийг үзэхдээ ч хамаагүй ухуулдаггүй байсан. Говийн хөрс маш эмзэг. Нэг машин давхиад өнгөрөхөд л бужигнасан тоос босдог.

-Өмнөговь аймгийн малын тоо толгой цөөрсөн судалгаа байна?

Н.М: Тэр сайхан задгай, мал бэлчдэг байсан тал одоо байхгүй. Өөрийн эрхгүй 500 малтай айл 200 болгон цөөлж байна. 200 нь 100 болгож байна. Өмнөговийн хэмжээнд малтай өрх 3500 байсан. Одоо 1552 болсон. Маш том нүүдэл харагдаж байна. Хөдөөгүүр яваад үзэхээр хөөрхий настай буурлууд л үлдсэн. Залуу малчид ховордсон.




Эх сурвалж: Цахим-Өртөө сүлжээ

(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant