төрөл: Эх орон | огноо: 2015-11-17,02:07

Хөгжилтэй оронд хүн бүр улс төрждөг яагаад гэвэл тэр чиний улс чамд хамаатай

Яг үүнийг л хүн бүрд хэлмээр байдаг юм. Таалагдаад хуулчихлаа. Би өнөөдөр хоолгүй байж гээд улс төрийг анхаарахгүй орхивол таны маргаашийн хоолыг ч бас зарим нэгэн хүн хулгайлж хумслах болно. Тиймээс тийм боломжийг олгохгүйн тулд өнөөдөр өлсгөлөн байсан ч анхаарч, хэн юу хийж байгааг мэдэж, ядаж л 4 жилд ганц болдог сонгуулиа идэвхтэй, зөвөөр өгөх хэрэгтэй байх.



Улс төр надад хамаагүй.
Би улс төр сонирхдоггүй.
Улс төр уйтгартай штээ.
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр...
Битгий улс төржөөд бай!

Би ч гэсэн нилээн удаан ингэж боддог байлаа. Анх удаа сонгууль өгөх гээд очиход 3 хүний нэр байсан нь 3- лаа надад таалагдаагүй. Сахалтай, бүдүүн, хөгшин энэ тэрээрээ биш л дээ. Тэр хүмүүсийн өндөр албанд байхдаа нэг их сайн юм хийснийг нь олж хараагүйдээ, мөрийн хуудас нь таалагдаагүйдээ тэр.

Түүнээс хойш надад саналаа өгөх хүн байхгүй, сонгуульд оролцохгүй гэж бодоод явсан юм. Түүнийхээ горыг одоо би амсаж байна!

Дараа нь Германд ирчихээд байхад миний үеийн (23-24 настай) хэсэг залуус " Cola ч гоё л доо, гэхдээ бид Америкийн Сola уухгүй." гэж ярьсан. Яагаад гэсэн чинь: "Америкчууд соlа- гаар манай зах зээлийг эзэлж байна. Бид өөрсдийнхөө үйлдвэрлэгчийг дэмжиж Сola уухгүй. Тэгээд ч Америкийн гадаад бодлого бидэнд таалагддаггүй. Америкийг бид дэмжихгүй" гэсэн юм.

Ийм залуугаасаа ийм айхтар тээ?

Германд хүүхдүүдэд 5-р ангиас нь улс төрийн хичээл ордог юм байна. Намайг сургуульд байхад улс төр гэж ордоггүй байсан. Тийм ч болохоор би манай улс ямар улс төрийн системтэй, сонгууль яаж явагддаг, их хурлын гишүүд, ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага, хамгийн чухал нь бас миний, Монгол улсын иргэний эрх үүрэг гэх мэтийг мэддэггүй сохор хурга байлаа.

Одоо сургуульд улс төр ордог юм уу, мэдэхгүй.
Ордоггүй бол гамшиг!!! Хүмүүс иргэний эрх үүргээ мэдэхгүй, өөрөө өөрийнхөө төлөө тэмцэхгүй байгаа нь аргагүй!

Гэтэл хүн бүр улс төрийн биет. Таны үйл хөдлөл бүр улс төртэй хамаатай.

Та төрлөө. Таны төрж, иргэн нь болж байгаа улс нялх хүүхдээ эрүүл бойжуулах талаар хэр сайн анхаарч, таныг эмнэлэг, эмч, таны ээжийг, аавыг таныг өсгөж бойжуулах цаг хугацаа, цалинт ажлаар хангаж байна уу? Эсвэл та аз таарвал л өсөж өндийж болох улс төртэй нийгэмд төрсөн үү?

Ta цэцэрлэгт явах боломж, орон тоо бий юу? Цэцэрлэг бага насны танд үнэгүй юу? Таныг дээд зэргийн боловсролтой багш сурган хүмүүжүүлж танд миний, би гэж бахархах, хайрлаж хамгаалах, суурь боловсрол олгосон уу?

Та сургуульд ороход танд улсаас чанартай боловсрол олгож, өөрийгөө хөгжүүлэх орчин, боломжоор хангаж байна уу? Эсвэл та багшдаа бэлэг баривал олигтой дүн авдаг, ядуу бол дээд боловсрол эзэмших суурь чинь нурж, танд олгох ёстой боловсролыг хүртэж чадахгүй 10-н хэдэн жилийг шал дэмий барсан уу?

Та мэргэжлийн болон их дээд сургуульд орж, амар тайван мэргэжил боловсрол эзэмших, энэ мэргэжлээрээ ажиллаж мөнгө олох боломжтой юу? Эсвэл таны аав ээжид таны боловсролд төлөх мөнгө байхгүй байсан уу? Яаж ийгээд сургуулийн төлбөр төлсөн ч танд дэлхийд өрсөлдөх хэмжээний мэдлэг олгосон уу?

Та Монгол улсдаа ажиллах, ажлын байртай байх, эрүүл мэндээ, тэтгэврээ, нийгмийн даатгалаа төлөх чадвартай юу?

Та тэтгэвэртээ гараад өөрийгөө тэжээж чадах тэтгэлэг тэтгэмж авах уу?...


гэх мэтээр бүх амьдрал улс төрийн шийдвэрээр шийдэгдэж байна.

Зөвхөн та, ганцхан та, хүн бүр улс төр, нийгмийн, эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, сайхан амьдрах боломжийг бий болгож чадна!

Үйл хөдлөл бүрээрээ, өдөр бүр та улс төрийг өөрчилж, чиглүүлж байгаа.

Би монгол бүтээгдэхүүнээ хэрэглэж монгол хүнд орлого оруулж байгаа юу?
Хятад ресторанд ордог уу, Вьөтнам засварчин дээр очдог уу, би зүлгэн дээгүүр туучиж, миний төлсөн татварын мөнгөөр үүнийг дахин засварлан сэргээдэг үү, би хүүхдээ Монгол сургуульд явуулж, юу сурч байгааг нь шалгадаг уу, би айраг уудаг уу, гадаадаас оруулж ирсэн шар айраг уудаг уу, би хууль бус зүйл болоход эсэргүүцлээ тууштай илэрхийлж, зөв зүйтэй болгож байж санаа амардаг уу, эсвэл амаа хамхиад надад хамаагүй гээд өнгөрдөг үү,


гэх мэтчилэн таны өдөр бүрийн үйл хөдлөл улс төрийн чанартай.

Нэг улс төрч Монголчууд бүгд улс төржих өвчтэй болсон гэж халагласан байсан. Хулгай хийчихээд, нүдээ аньсангүй, миний хулгай хийхийг харлаа гэж уурлаж буйтай агаар нэг бус уу?

Энэ мэт үгээр толгойгоо битгий эргүүлүүл!

Өөрийнхөө, хүүхдийнхээ, ирээдүйнхээ, эх орныхоо төлөө дуугар! Хашгир! Жагс! Бич! Ажилла! Амьдар! Үхэхдээ ч эх орныхоо төлөө үх!
Таны хаана амьдарч байгаа чинь, ямар нөхөртэй, гэргийтэй чинь өөрийнхөө төлөө, эх орныхоо төлөө дуугарахгүй, юм хийхгүй байх шалтаг биш!

Сэтгэл байвал хаанаас ч, юу ч хийж болно. Ялангуяа гадаадад байгаа монголчууд эх орныхоо төлөө маш их юм хийх боломжтой гэдгийг анхаар!


Zermaa Chuluunsuren 

(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant