Алмас
Улаанбаатар хот тэр аяараа хаврын хэмнэлдээ хөтлөгджээ. Арван хэдэн градусын дулаанд алхаа гишгээ нь хүртэл удааширсан мэт санагдана, улаанбаатарчуудын. Их үд нэлээд хэлбийсэн ч хаврын урт өдөр шувтрах яагаа ч үгүй. 14 цаг 50 минутад халаасан дахь утас маань жингэнэв. Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн ажилтан Н.Энхболд ярьж байна. 15.00 цагт уулзалт товлосныг минь сануулаад, цагтаа амжиж ирэх, эсэхийг лавлалаа.

Утсаар ярьснаас таван минутын дараа миний бие Улаанбаатар дахь Япон улсын Элчин сайдын яамны үүдэнд ирсэн байв. Харуулд баримт бичиг юугаа шалгуулаад, Японы Элчин сайдын өргөө тийш нэвтрэх зөвшөөрөл авлаа. Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго, түрүүхэн утсаар ярьсан Н.Энхболд нар үүдэнд угтаж байна. Элчин сайдтай зөвхөн урьдчилан тохирсон асуултын дагуу ярилцахыг тэд анхааруулаад, цагаан, цэнхэр, саарал өнгө сүлэлдсэн Элчин сайдын яамны давчуу хонгил дундуур дагуулан ууслаа.

Япон улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзахаар цаг болзсон миньэнэ. Тэрбээр хар хөх өнгийн хослол өмсөж, түүнийгээ цайвар цэнхэр зангиагаар өнгө нэмэн тодруулжээ.

Shimizu_TakenoriЯг л 2011 оны аравдугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсан өдрийнх шиг.Элчин сайдаар томилогдох хүртлээ тэрбээр ямархан зам туулж ирснийг нь нэхэн саная. 1975 онд Японы Гадаад хэргийн яаманд монгол хэлний мэргэжилтнээр орсноос хоёр жилийн дараа буюу 1977 онд Такэнори Шимизү социалист нийгмийн тогтолцоотой Монголд анх суралцахаар томилогдон ирж байв.

Олон өнгийн нийгэм, он цагийн эргэлтийн гэрч түүнийг Монголыг хамгийн сайн мэдэх япон дипломатч хэмээн үнэлдэг

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн 1989 онд хоёр дахь удаагаа томилогдож, Монголын нийгмийн тогтолцоо 180 хэм эргэсэн түүхэн цаг мөчийг нүдээрээ харж байв. Харин гурав дахь удаагийн томилолт нь ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа эдийн засаг харьцангуй тогтворжсон 2002 оноос эхэлж байжээ. Тэгвэл дээр дурдсанчлан 2011 оны аравдугаар сард тэрбээр Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм.

Монголын олон өнгийн нийгэм, он цагийн эргэлтэд ажиллаж, сурч, судалгаа хийж байсан туршлагатай түүнийг япон дипломатчид төдийгүй Монголтой дипломат харилцаатай улс орнуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдээс Монголыг хамгийн сайн мэдэх хүн хэмээн үнэлдэг. “Монголоор мэргэшсэн” ч гэж түүнийг тодорхойлж болох. Тийм ч учраас Такэнори Шимизү Японыг төлөөлөн Монгол Улсад тав дахь жилдээ Элчин сайдаар ажиллаж байна. Тэр бас Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагч.

“Сайн байна уу” гэж тэрбээр монголоор мэндлээд, гантиг цагаан өнгөөр бүрсэн зөөлөн буйдан дээр суухыг урилаа. Ярилцлага хийх санал анх тавьснаас хойш нэг сарын турш Элчин сайдын яамны ажилтантай и-мэйл, телефон утсаар харилцсаны эцэст түүнтэй биечлэн уулзаж буй минь энэ.

Гуравдугаар сард ноён Элчин сайд эх нутагтаа, Японд амарсан ба гуравдугаар сарын 29-ний мягмар гарагт хоёр дахь эх орондоо хүрэлцэн ирсэн билээ. Элчин сайдтай ярилцахаар цаг тохирсноос хойш “Тусгаар тогтносон бараг бүх улстай дипломат харилцаатай Наран улсын дипломатч яагаад заавал Монгол Улстай амьдралаа холбосон юм бол?” гэсэн асуулт намайг ээрч байв. Ямар нэгэн учир шалтгаан байв уу, эсвэл энэ зүгээр л тохиолдол, хувь тавилан уу?

“Японы Гадаад хэргийн яаманд ажилд орохоор шалгалт өгөх үедээ суралцах хүсэлтэй гадаад хэл тавыг сонгох шаардлагатай байлаа. Шалгалтанд тэнцсэн тухай хариугаа сонссоны дараа Гадаад хэргийн яамны боловсон хүчин хариуцсан ахлах ажилтан надад монгол хэлийг суралцуулах болсныг дуулгахад маш ихээр гайхаж, чухам яагаад ийм шийдвэр гаргасныг асууж байж билээ.

Гэтэл тав дахь сонголтон дээрээ би монгол хэл сонгосон болох нь тодорхой болов. Яагаад тэр үед монгол хэл гэж бичсэнээ би өөрөө ч бодоод олохгүй байлаа” гэж тэрбээр монголчуудын чихэнд хэдийнэ танил болсон гадаад хүнээс гарамгүй цэгцтэй дуудлагаараа ярьж эхлэв.

Такэнори Шимизүгийн амьдралын хуудас бүрт МОНГОЛ хэмээх нэр тодхон хоцорчээ. 72 жилийн өмнө, 1944 оны арваннэгдүгээр сард цэргийн зарлан авсан аав нь Манжуурт алба хааж байгаад, дараа жил нь Зөвлөлтийн армид олзлогдон Сибирьт хорионд байв. Тухайн үед олсон өвчний улмаас түүнийг 14 настай байхад нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. “Дайны талаар огт дурсдаггүй байсан болохоор би ч аавыгаа хаана, юу хийж явсныг нь мэдэлгүй цаг хугацаа өнгөрч билээ” гэж тэрбээр дурсав.

“Харин дөрвөн жилийн өмнө Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны хүн Халх голын тулаанд (япончууд түүнийг Номон хааны хэрэг гэдэг) амь эрсэдсэн цэргүүдийн шарилыг авч явахаар ирсэн бөгөөд тэр үед нь аавтай минь холбоотой мэдээлэл үлдсэн, эсэхийг лавлаж үзвэл, 1948 онд Сибириэс нутаг буцаах үед нь асууж тэмдэглэсэн зүйл байдаг талаар олж мэдсэн юм.

Ингээд уг эх сурвалжийг үзэхэд, аав маань Хайлаар дахь Квантуны армид хуваарилагдан алба хааж байсан бөгөөд 1945 оны Зөвлөлт, Монголын хамтарсан арми япончуудын эсрэг хийсэн тулаанд оролцож байсныг олж мэдсэн юм. Аавын маань хуваарилагдсан явган цэргийн ангид 175 цэрэг байсны 150 нь тэрхүү тулаанд амь эрсэдсэн болохыг ч мэдэж авсан юм. Хожим түүний тэмдэглэлийн дэвтэрт “Монгол”, “хар талх” гэж бичсэн байсныг олж уншиж билээ. Аавыг Иркутскт олзонд байсан, хоол хүнс нэн хомс тэр хүнд бэрх үед монгол хүн түүнд хар талх өгч байсан болов уу” хэмээгээд тэрбээр хэсэг дуугаа хураалаа.

Элчин сайдын яамны залуу ажилтнаас Эзэн хааныхаа зарлигаар томилогддог Элчин сайд хүртэлх бүх албыг сэлгэсэн буурал дипломатч тэрбээр амьдралаа Монголтой холбосон нандин түүхээ анх удаа ийнхүү илэн далангүй хөвөхийг сонсоод би ч зөөлөн буйданд шигдлээ. “Иймд, магадгүй аав маань надаар монгол хэлийг сонгуулсан ч юм бил үү. Дайны жилүүдэд амьдарч, хорвоог эрт орхисон аав маань энх тайвныг цогцлоон бүтээх ажил хийж Монгол Улстай хийх найрамдлын үйлсэд гар бие оролцоосой гэж хүүгээрээ монгол хэлийг сонгуулан суралцуулсан юм биш байгаа даа гэж боддог юм.”

Бидний ярилцсаныг Элчин сайдын яамны ажилтан монгол залуу яамны Соёл мэдээллийн хэлтсийн дарга Кейго-санд хэлмэрчилж, хүнгэр хүнгэр дуугарахыг эс тооцвол өрөөнд нам гүм ноёлов. Яамны хоёр давхарт Элчин сайдын цэлгэр өрөө байрладаг. Шалыг нь шигүү хивсээр битүү хучиж, том цагаан буйдангууд эгнүүлжээ.

Хэлцэл, тохиролцооны төслүүд, зузаан баримт бичгүүд Элчин сайдын ширээн дээр ирийнэ. Монголын өдөр тутмын сонинуудын өнгөрсөн нэг сарын дугаарын архив ч энд хадгалаастай байна. “Эдгээрийг уншвал намайг амарч байсан нэг сарын хугацаанд Монголд юу болсон бэ гэдгийг мэдэж чадах байх аа” хэмээн Элчин сайд намайг өрөөнд анх орж ирэхэд учирласан билээ.

Цоо шинэ түвшинд гарсан “Стратегийн түншлэл”-ийг худалдааны үзүүлэлт арагш чангаасаар

“Монголын Улсын Их сургуульд тусгай ангид бараг найман сар дадлага хийсэн байх. Үнэндээ монгол хэл сурахад миний хувьд хэцүү, сурах уур амьсгал хүнд байсан. Монгол тухайн үед социалист нийгмийн тогтолцоотой байсан учраас хөрөнгөтөн улсаас ирсэн залуу дипломатч миний хувьд монголчуудтай эрх чөлөөтэй уулзаад, үг солилцох боломж бага байлаа.

Би МУИС- ийн тусгай ангид арав гаруй вьетнам оюутнуудын хамт монгол хэл сурдаг байсан юм. Гэвч С.Дулам багшийн монгол хэлний ангид сэмхэн орж суух юм уу, гадаад оюутны байранд монгол оюутнуудтай сэм уулзаж нөхөрлөдөг байлаа. Би оюутны байранд амьдрахыг хүссэн боловч тухайн үед Гадаад хэргийн яам эсвэл Монгол Улсын Их сургууль зөвшөөрөөгүй. Магадгүй намаас тийм чиглэл ирсэн байх гэж би боддог” хэмээн хуучлав.

Тийм учраас тэрбээр Монголд сурч ахуйдаа Сансарт ганцаараа амьдарч байжээ. “Миний хувьд монгол хүмүүстэй чөлөөтэй уулзаж нөхөрлөх боломжгүй байсан тухайн үед өнөөгийн энэ эрх чөлөөтэй харьцуулшгүй огт өөр ертөнц байсан хэрэг л дээ. Байнга л харгалзагч дагалдаж байсан санагддаг юм. Одоо харин аюулгүй байдлыг минь хангаж өгч байсан юм байж дээ хэмээн талархах сэтгэл төрдөг юм”.

Өнгөрсөн сарын 29-нд Монголд ирснийхээ маргааш тэрбээр Улаанбаатар хотод Японы буцалтгүй тусламжаар баригдах сургалтын эмнэлгийн шав тавих ёслолд оролцсон юм. “Японы ард түмнээс...” хэмээн жил бүр Монголд үзүүлдэг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийнх нь нэгээхэн хэсэг, нийт 7.9 тэрбум иенийн өртөг бүхий энэ төсөл нь түүний эхнээс нь санаачилж, өөрөө “хөөцөлдсөн” олон төслийн нэг.

Нарны зам, Нарны гүүр гэж монголчуудын талархан шагшдаг дэд бүтэцтэй адил Нарны эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд сүндэрлэх юм. “Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан гээд миний маш сайхан найзууд байсан. Тэднийг бодоход, монголчууд арай эрт нас бардаг гэж би боддог. Үүний гол шалтгаан бол Монголын эмчилгээ хийх түвшин доогуур, эсвэл эмч нарын мэдлэг чадвар туршлага арай хүрдэггүй юм болов уу” гэж өгүүлэв.

...Тэгвэл бүрэн эрхийн хугацаандаа амжуулаад хийчих юмсан гэж бодож, төлөвлөдөг зүйл одоо бий болов уу? “Би хийх юмсан гэж бодож байсан зүйлээ бүгдийг нь хийсэн” хэмээгээд, “Нэгдүгээрт, онгоцны шинэ буудлыг энэ зуны сүүлчээр Монголын талд хүлээлгэж өгөх байх. Ирэх оны зургадугаар сараас ашиглалтад орно. Хоёрдугаарт, АШУҮИС-ийн харьяа сургалтын эмнэлэг барьж эхэлсэн гэж түрүүн хэлсэн.

2018 оны долдугаар сард ашиглалтад орно. Гуравдугаарт, Монгол улсын хөгжилд хэрэгтэй гэж үзэж байсан инженер, техникийн, технологийн салбарын боловсон хүчин бэлтгэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Цаашид 1000 инженер Японд сурч ирэх байх аа. Гаднаас бэлэн бараа бүтээгдэхүүн импортлохоо багасгаж, өөрсдөө үйлдвэрлээд гадагшаа гаргахгүйгээр хөгжих арга байхгүй.

Тийм учраас энэ технологийн салбарын боловсон хүчин бэлтгэх асуудал бол Монгол Улсын хөгжилд маш чухал гэж би үзэж байсан. Түүнийг би хийж чадсан. “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл хэрэгжүүлсэн 500 гаруй төслийн 400 орчим нь боловсролын салбарт хандсан. Би хийх ёстой юмаа бараг хийчихсэн. Хэзээ ч нутагтаа буцахад бэлэн байна” гэв.

Аливаа улсад суух Элчин сайдыг Японы Гадаад хэргийн яам, сайд сонгон Засгийн газарт оруулдаг хуультай. Засгийн газар хэлэлцэж, шийдвэрлэсний дараа Эзэн хаан түүнийг нь баталгаажуулдаг аж. Хоёроос таван жилийн хооронд, тодорхой хязгаарласан хугацаагүйгээр томилогддог Элчин сайдын албан тушаалд ноён Такэнори Шимизү өдгөө тав дахь жилдээ ажиллаж буй дархлагдсан дипломатч. Монголд Японыг төлөөлөн ажиллаж буй 15 дахь Элчин сайд нь тэр. Түүнд халаагаа өгсөн Такүо Кидокоро хүртэл хоёр жил хагасын хугацаанд ажиллаад, эх орондоо буцаж байв.

Тэрбээр хэсэг зуур бодолхийлснээ “Би Монголын төлөө ажиллах сонирхол анхнаасаа байсан учраас хийе гэж бодож төлөвлөж байсан тэр бүхнийг би хийж чадсан гэж бодож байна” хэмээн батлан өгүүлэв. Үргэлжлүүлэн “Тийм учраас хэрэв дахиад хийх ёстой ажил үлдсэн гэвэл эдийн засгийн харилцааг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал. Тэр талаар жаахан ажиллаж үзэх юмсан” гэлээ.

Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 44 жилийн уртад цоо шинэ түвшинд гарсан “Стратегийн түншлэл”-ийг харилцаа, хамтын ажиллагааны хэмнэлтэйгээ огт хөл нийлүүлэлгүй үлдсэн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд л арагш чангаасаар байна. Хоёр улсын бүтэн жилийн гадаад худалдааны эргэлт нь 400 сая ам.долларт ч хүрэхгүй түвшинд дэнжигнэж буй юм.

“Үүнийг яаж томруулах вэ гэдэг нь миний хамгийн санаа зовж байгаа сэдэв. Миний дараагийн Элчин сайд ч гэсэн үүнийг хэрхэн сайжруулах вэ гэж санаа зовох байх. Гэхдээ бидэнд сайн хэрэгсэл бий. Энэ бол EPA (Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр). Үүнийг бүрэн ашиглах ёстой. Бүрэн ашиглах талаар би бас хувь нэмэр оруулна” гэж шийдэмгий өгүүлэв.

“Монголын төлөө ажиллах хүсэл байсан учраас хийе гэж бодсоноо хийж чадсан”

Зөөлөн харцтай, эелдэг инээмсэглэх энэ эрхэм Япон улсыг төлөөлөн Монголд Элчин сайдаар ажиллаж буй дөрөв дэх жилийн өнгөн дээр хоёр улсын Ерөнхий сайд Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохын тулд хоёр улс дотоодын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд Монголын тал шаардлагыг биелүүлсэн тухай гуравдугаар сарын 11- ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт албан ёсоор мэдэгдсэн билээ. Одоогоор Япон талын хууль, эрх зүйн бүрдүүлэлт эцсийн шатандаа яваа бөгөөд ойрын хэдэн сардаа багтан хүчин төгөлдөр болно гэж Элчин сайд хэлж байна.

Ойрын хэдэн сар гэдэг нь чухам хэр их хугацаа вэ? “Удахгүй. Үнэндээ удахгүй. Хоёр сарын дотор хэрэгжүүлж чадах байх. Гэхдээ энэ хүчин төгөлдөр болсон гэрээг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь маш чухал. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажил маш их удааширсан. Өмнө нь япончууд монголчуудыг шавдуулж байсан бол одоо монголчууд япончуудыг яаруулж байна.”

Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор хоёр орны гадаад худалдааны нийт эргэлтийн 96 орчим хувийг, тодруулбал, Японоос Монгол руу хийх экспортын дүнгийн 96 орчим хувийг, Монголоос Япон руу хийх экспортыг гаалийн татвараас 100 хувь чөлөөлөх тухай Монголын тоймчид өнгөрсөн хоёр жилд хангалттай бичсэн.

“Олон хүн үүний тухай ярьдаг боловч үүний агуулга, ач холбогдлыг бүрэн сайн ойлгосон хүн бараг байхгүй. Тийм учраас хамгийн чухал нь энэ гэрээг хэрэгжүүлээд Монголоос Японы том захад Монголын бүтээгдэхүүний экспортыг улам нэмэгдүүлээд, Монголын эдийн засагт хувь нэмэр оруулах ёстой. Тэр ажлыг хийх ёстой. Би бодоход, одоо 11 хувийн гаалийн татвар авч байгааг тэг болгох гэж байгаа учраас хонины ноос, ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд, хөдөө аж ахуйн салбарт, Монголын талд маш ашигтай.

Өөрөөр хэлбэл, Монголын бүтээгдэхүүнүүд Японы зах зээл дээр илүү өрсөлдөх боломжтой. 50 сая давсан малтай орон Японы зах зээлийг ашиглаж чадаагүй байгаа. Хятадаар дамжуулан авч байгаад би жаахан харамсаж байна. Тийм учраас цаашид Монголд хамгийн их байгаа хөдөө аж ахуйн нөөцийг бүрэн ашиглаж чадвал Монгол Улсын хүн бүр хөгжиж чадна. Зарим улстөрч, дарга нар уул уурхай гэж их ярьдаг. Уурхай гэдэг Монгол нийт орны хувьд ашигтай, гэхдээ олон ард иргэдийг баяжуулж чадахгүй. Тийм учраас хөдөө аж ахуйн салбарыг сайн ашиглах ёстой гэж би хувьдаа боддог” гэлээ.

Дипломатчийн ярианы өнгө энэ удаа огт өөр болж эхлэв. Үг унагахдаа тун дурамжхан, цөөн үгээр товч хариулаад сэтгүүлчийг сэтгэл дундуур үлдээдэг дипломат занг нь Монголд элэгтэй, найрсаг япон зан нь үе үе дийлж байсан юм.

“Миний байнга боддог сэдэв бол Монголын хөгжил. Хөгжүүлэх нэг хувилбар нь сая хэлсэн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Түүний дараа аялал жуулчлал. Үүнийг хөгжүүлэх ёстой. Аялал жуулчлал хөгжүүлж чадвал гадаадын хүн энд, Монголд ирээд мөнгө зарцуулах учраас монголчууд заавал юм экспортлох хэрэггүй шүү дээ.

Монголд сайхан үзэсгэлэнтэй газар зөндөө бий, түүх соёл байгаа. Ер нь нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн үндэстэн учраас гадаадын хүмүүсийн сонирхлыг татах олон зүйл бий. Үүнийг бүрэн ашиглах хэрэгтэй” гэлээ. Монгол Улсыг хоёр дахь эх орноо хэмээн тодорхойлсон ноён Шимизү Монголын бүх аймагт зочилжээ. Тэдгээрээс хамгийн их таалагдсаныг тодруулахад “Бараг бүх аймаг өөрийн үзэсгэлэнтэй. Гэхдээ надад бол говь их таалагдсан. Бас Увс. Завхан ч бас гоё. Ер нь хаана ч очсон гоё, сайхан газар зөндөө байна” хэмээн ярив.

Орчин цагийн хэв маягийг шингээсэн өндөр ширээ, буйдан, сандлыг эс тооцвол Элчин сайдын өрөө тэр чигтээ япон ахуйг илэрхийлэх аж. Наран улсын төрийн далбаа хойморт заларчээ. Японы соёлыг шингээсэн элдэв дурсгалын зүйл байх агаад тэдгээрээс энд тэнд эгнүүлсэн “нингё” буюу шилэн хорго бүхий хүүхэлдэйнүүд анхаарлыг минь өөрийн эрхгүй татав. Охин хүүхдүүдтэй айлд маш сайн гэж япончууд өгүүлдэг хэмээн танил маань ярьсан нь санаанд зурсхийв.

Ноён Такэнори Шимизү өдгөө гэргийн хамт Улаанбаатарт амьдарч буй. Харин “Залуу үе энд бидэнтэй амьдрахгүй байгаа” хэмээн хүүхдүүдийнхээ талаар цухас дурдав. Тэдний хоёр дахь охин нь Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн анхны япон төгсөгч аж.

Ярилцлагаа өндөрлөхийн өмнө би түүнээс Элчин сайдаар ажиллахад юу түүнд хамгийн их урам зориг, сэтгэл ханамж өгдгийг асуув. Харин тэрбээр “Элчин сайдын яам гэх байгууллагыг удирдан хөдөлгөж, заримдаа өөрийн биеэр зөвшилцсөний эцэст бодитой үр дүнд хүргэснийг маань Монголын ард иргэд өндрөөр үнэлэх үед авах сэтгэл ханамж нь ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй нандин мэдрэмж” гэлээ.

Гэхдээ аливаа төслийг хэрэгжүүлэхэд Монголын уугуул нийгмийн алхам тутамд анзаарагдах хүнд суртал, хөшүүн царай саад бэрхшээл учруулсаар байдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм. “Монголд ашигтай гэж бодсон төсөл хэрэгжүүлэхэд түүнийг маш их бэрхшээл дагадаг. Олон хүний өөр өөр сонирхол гарч ирээд, нийт ард түмний төлөө ашигтай байлаа ч цөөн хэдэн хүний ашиг сонирхол давамгайлсны улмаас төслийг хэрэгжүүлж чадахгүй тохиолдол ч бас гарч байна” гэлээ.

Эцэст нь, “Монголчууд бусдын итгэлийг алддаггүй баймаар байна. Бизнесийн харилцаа бол нэг үеийн, нэг удаагийн харилцаа гэж бодож болохгүй. Удаан хугацаагаар харилцан итгэлцэх ёстой харилцаа. Үүнийг алдвал сайн, зөв түншлэл олж чадахгүй л болов уу” гэж ярив.

Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Тэрбээр ярилцлагын туршид байнга анзаарагдаж байсан мөнөөх эелдэг инээмсэглэлээрээ үдэв. 120 сая давсан хүнтэй Японы уудам зах зээлд Монголын олон олон компани хөл тавих цаг айсуй. “Япон хүн, монгол хүн хамтарч ажиллавал нэг нэгнийхээ дутууг нөхөж чадна гэж найдаж байна” хэмээн Элчин сайд яриандаа дахин давтан тэмдэглэж байлаа. 

Б.Цэцэгсүрэн /Засгийн газрын мэдээ/

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)