Алмас
Өнөөдөр өглөө босоод гэнэт нэг их сайхан жимсний шүүс уумаар санагддаг юм байна. Тэгээд л ургуулаад бодлоо доо. Японд цагийн 1000 иений аяга угаах ажил хийгээд захын дэлгүүрээс 1л тетрапак савлагаатай 100% жимсний шүүс 200 хүрэхгүй иэнээр аваад уучихаж болно. Сүү ч гэсэн ойролцоогоор ийм үнэтэй. 180 иэн байдаг байлуу даа. Одоо ч тийм л байх. Харин Монголд бол аяга угаагч ихдээ 300'000₮-ийн цалинтай гэвэл өдрийн 10000 орчим төгрөг олдог хүн сүү, жимсний шүүс хамгийн багадаа 2000-3000 төгрөгөөр авч байна. Япон хүн цагт олох мөнгөнийхөө 1/5 хүрэхгүй мөнгөөр авч байгаа бол Монгол хүн бүтэн өдөрт олох хөлснийхөө 1/4-1/5-ээр авч байна гэсэн үг юм байна.

Дээр нь малын гаралтай бүтээгдэхүүнээс бусад нь бараг өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Сүүгээ хүртэл Хятадаас импортолдог байх жишээтэй. Уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг гэдэг шиг. Энэ олон сая малтай байж. Тэгэхээр бидний амьдралын өртөг маш өндөр болж байна. Яаж өөрчилж, яаж сайжруулж болох бол?

За тэгээд гадаад руу экспортолно гэж л байна. Гэтэл Японы зах зээлийн шалгуур маш өндөр. Маш сайн чанартай, хариуцлагатай үйлдвэрлэж чадаж байж л тэнд бүтээгдэхүүнээ борлуулж, бас итгэл олж, цаашид удаан хугацаанд экспорт хийж чадна. Мэдээж хэн ч нэг удаа аваад муу байсан зүйлийг дахин авахгүй. Мөн гадаад руу хамаг сайн зүйлээ экспортлоод өөрснөө гаднаас муу зүйл аваад хэрэглээд байх ч юм шиг боловч сайн чанартай үйлдвэрлээд сурчихвал дотоодоо ч сайн бүтээгдэхүүнээр хангадаг болох байх л даа.

Дээр нь үнийн хувьд Японд зарагдаж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээний хямд байх хэрэгтэй болно. Тэгэхээр бид тэр хэмжээнд чанартай, үнэ хямд бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэж сурах вэ? Тэгж байж л экспорт амжилттай болно шүү дээ.

Магадгүй энэ хувь хүн бүрийн төлөвшилт, ажилдаа үнэнч байдал, түүхий эд гээд маш олон зүйлээс хамаарах болно. Хэцүү санагдаж байна. Гэхдээ л бид хийх ёстой. Үнэхээр л дэлхийн талыг эзэлж явсан хүмүүсийн үр удам мөн юм бол хүн бүр энэ дээр хичээх, зүтгэл гаргах, өөрийгөө ялан дийлэх, бусдыгаа ойлгуулж дагуулж, нөлөөлөх хэрэгтэй байх. Харин энэ мессежийг яаж хүмүүст хүргэж, яаж ажилчдаа Япон хүмүүс шиг шударга, хичээнгүй, сэтгэлээсээ ажилладаг болгох вэ гэдэг бас чухал. Магадгүй үүний тулд захирал, менежерүүд өөрсдөө компанийнхаа төлөө, эх орныхоо төлөө амин хувийн ашгаа хойш тавиад зүтгэж чаддаг байх хэрэгтэй байх даа.

Энд бас зарим бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн талаар дурджээ. Хэцүү боловч өөрсдөө үйлдвэрлэгч болохын тулд, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж босгохын тулд заавал хийх л ёстой алхам. Харин зөв зүйтэй бодлогоор л хийх хэрэгтэй.

Бас аялал жуулчлал хөгжүүлэхэд л гэхэд аюулгүй, хулгай дээрэмгүй, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх ч хэрэгтэй байх. Хамгийн гол нь ихэнх жуулчид аюул осолтой, маш их хулгайчтай улс оронд аялахыг хүсэхгүй. Тэгэхээр хулгай хийсэн, дээрэмдсэн гэх мэт хэргүүдийг маш хүнд ялтай болгочихмоор ч юм шиг. Тэгвэл арай багасах байх даа. Ер нь нэг тийм тайван амгалан, гэмт хэрэг багатай улс орон болох юмсан. Тэгвэл өөрсдөө ч амьдрахад, гадаадаас хүмүүсийг татахад ч их хэрэгтэй. Энэ бүхнийг яаж хийх вэ?

Бас бизнесийн хувьд маш чухал зүйлийг сая уншсан ярилцлага дээр маань бичжээ:
“Монголчууд бусдын итгэлийг алддаггүй баймаар байна. Бизнесийн харилцаа бол нэг үеийн, нэг удаагийн харилцаа гэж бодож болохгүй. Удаан хугацаагаар харилцан итгэлцэх ёстой харилцаа. Үүнийг алдвал сайн, зөв түншлэл олж чадахгүй л болов уу”

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү гуайн ярилцлагыг уншаад хэдийгээр нэлээн ажилтай байгаа ч зарим нэгэн зүйл тэмдэглэн үлдээж, бас хүмүүстэй бодол саналаа солилцъё гэж бодлоо.

Миний хувьд бас Япон улсад ажиллаж амьдарч байсан. Түүнээс өмнө ч янз бүрийн байдлаар Япон улстай холбоотой, компьютерын тоглоом, кино, манга, анимэ, сүмо, электрон бараа, Япон амттан гээд олон зүйлээр Япон улсыг сонирхон татагддаг байжээ. Японд байхдаа Япон хүмүүстэй танилцаж, нөхөрлөж, миний хувьд Японд их талтай болохоор магадгүй ингэж тусгаж авч байж ч магадгүй. Ямартай ч энэ ярилцлагыг уншаад нэлээд зүйл бодогдлоо.

Ялангуяа аав маань намайг тэнгэрээс Монголыг сонгуулсан байх гэдэг дээр. Би ч бас зарим зөн совин, хувь тавиланд ямар нэгэн хэмжээгээр итгэдэг. Бас эцэг өвгөд маань биднийг дээрээс харж байдаг л гэж бодож залбирч явдаг. Японы Шинтогийн шашинд ч бас иймэрхүү байдаг юм шиг байгаа юм.

Ер нь хүмүүсийг харж байхад их сэтгэлээр унасан, гутранги талдаа, гадаад руу гарч явж амьдрахыг хүсэх болсон байх шиг. Уг нь яг л хөгжлийн босгон дээр бид байгаа. Муу зүйл, улс төр, нийгмийн маш онцгүй нөхцөл байдалд байгаа ч нөгөөтэйгүүр маш их боломж бас бидэнд байгаа. Зориглоод, бууж өгөлгүй өөрсдийн ирээдүйн төлөө өдөр бүр, өглөө бүр, цаг минут бүрд тэмцэж, зүтгэж амьдрах ёстой юм шиг. Хэсэг хугацаанд би ч өөрөө сэтгэлээр унасан байсан. Харин сүүлийн хэд хоног зорилготой, тэмүүлэлтэй болсон.
Бас эх орныхоо хөгжилд заавал өөрийн хувь нэмрийг оруулж чадах болно оо. Өөрийгөө хурцлахын тулд бас энд ийнхүү бичлээ. Та ч бас сэтгэгдлээр надтай бодлоо хуваалцаарай.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)