Алмас
Саяхан нэг Япон хүн надад
Япон улсын 1950-60-аад оны үеийнх шиг Монгол улс байгаль орчиндоо хандаж байна. Хөгжил дэвшилд ийм золиос байдаг гэж хэлсэн юм.
Би бол үгүй гэж бодож байна. Тэр үеийн Япон улс бол өөрснөө үйлдвэр барьж, хийж бүтээж, өнөөгийн дэлхийн технологийн эхлэлүүдийг тавьж, өнөөдрийн бидний унаж байгаа машинуудыг хийхийн төлөө тэр байгаль орчныг сүйтгэсэн. Япон улс өөрснөө хийж бүтээж байж хөгжсөн. Харин өнөөдрийн Монгол улс бол өөрснөө бүтээхгүй гаднаас л бүх зүйлийг зүгээр худалдаж авч хэрэглэж, бас тэр юм бүтээх түүхий эдээ бусдын хөгжилд зориулж гадагш зөөж байгаа. Тиймээс  Монгол улсын эдийн засаг хөгжөөд байна л гэж яриад байгаа боловч тоо өсөж байж болох ч Монгол улс хөгжиж байгаа биш юм.

Одоогийн улс төрийн уул уурхайн экспортын бодлого, бас бүтээх биш бэлэнчлэн идэж ууж байгаа энэ байдал хөгжил биш, ирээдүйд хөгжих ирээдүй маш бага байна. Нийгмийн сэтгэхүйн хөгжлийн хувьд ч  бас хөгжих биш уруудаж байгаа санагддаг. Хэрэв үнэхээр нийгэм эрүүл сэтгэлгээтэй байвал буруу зүйлийг ялгаж харж байвал залуус нэгдээд үүнийг эсэргүүцдэг. Гэвч сошл сүлжээ, интернет дэх нийт залуусыг ажиглаж харж байхад бол үүнийг огт анзаарахгүй дүлий дүмбэ байгаа. Монголчууд бид хөгжиж байна л гэж яриад байгаа, гадныхан ч бидэнд тэгж хэлдэг. Үнэн хэрэгтэй бол хөгжил огт явагдахгүй байгаа. Уул уурхайгүйгээр болохгүй гэж харагдуулах зорилгоор зохиомлоор Эдийн засгийн хямрал зохиож байна гэж ярьж байна. Үнэн худлыг мэдэхгүй ч аль нь ч байлаа гэсэн уурхай зогсвол Монголын эдийн засаг хямрах нь тодорхой байгаа. Гэсэн ч уул уурхай хөгжөөд ч харамсалтай нь эдийн засаг ч, улсын ирээдүй ч улам дордохоос дээрдэх төлөв одоогоор үгүй. Угаасаа бид өөрсдөө хийж бүтээхгүй байгаа тул хичнээн уурхай ухаад ч Монгол улс хөгжихгүй. Түр зууртаа зарж идээд л үлдэнэ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ, эхэлж буй бизнесийг дэмжинэ гэж улс төрчид ярьдаг ч үнэн хэрэгтээ төрийн үйл ажиллагаа энэ чиглэлд харин ч эсрэгээрээ шууд дарамталж, дампууруулах чиглэлд явагддаг гэхэд бараг хилсдэхгүй. Татварын дарамт, төрийн байгууллагын хүнд суртал, импорт, экспортын нэгдсэн бодлого, улсын хар хайрцагны бодлого гээд аль нь ч огт сайжрахгүй байгаа ба сайжруулъя гэж хийж байгаа үйлдэл ч төрөөс харагдахгүй удаж байна. Хууль зүйн орчин, санхүүгийн албад гээд л ер нь л эхэлж буй бизнесүүдийг бүгд дарамталдаг. Гадаад ижил төрлийн бараа үйлчилгээнд дарамтлуулдаг. Үүнийг улсаас зохицуулсан зохицуулалт огт хийгддэггүй гэж хэлж бараг болно. Улсын байгууллагууд хоорондоо огт уялдаа холбоогүй ажилладаг. Жишээ нь Татвар, Санхүүгийн байгууллагууд нь тусдаа, тусдаа тайлан баланс байгууллагуудаас шаарддаг. Эдгээр газрууд нь дээд зэргийн хүнд суртлын уул уурхай болсон байдаг. Авлигатай тэмцэх газар гэж байдаг ч энэ байгууллагууд дээр хэрхэн хянаж ажилладаг нь тодорхойгүй. Өөрсдөд нь хувийн ашиггүй тул албан тушаалтнууд үүнийг өөрчлөхийн эсрэг байнга зогсож, тэмцэж байдаг. Импортлогч компаниудыг их хэмжээний татварын өр, торгуулиас "өршөөн чөлөөлдөг" боловч жижиг дунд, бодит үйлдвэрлэгчдийг бол нухчин дардаг.

Японд бол дөнгөж Их сургууль төгссөн оюутан ч өөрийн төслийг бичээд улсаасаа хүүгүй зээл аваад, эхний 3 жил орлогын татвараас чөлөөлөгдөөд бизнесээ эхлүүлэх боломжтой байдаг юм байна. Гэтэл манайд орлоготой л бол давхар давхар элдэв татвар, байж болох татваруудыг ногдуулна. Хүн бизнес эрхэлж орлого олоогүй байсан ч шууд торгууль ногдуулдаг системтэй. Ийм тохиолдолд Монгол улс хөгжихгүй. Хамгийн энгийн жишээг гудамжинд гараад замын хөдөлгөөн, гудамжны хог хоёроос нь харж болно. За та уншсан бол бид хөгжиж байгаа гэж үү? Хариулаарай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

zuv heljee. uls oron mini yana daa tsutsu.
Зочин хэзээ бичсэн: 2014-05-25 12:53 | |



:-)